
Францын хууль, шүүх эрх мэдэл Азийн хөлбөмбөгийн холбооны экс ерөнхийлөгч, 2022 оны дэлхийн аваргын тэмцээнийг Катарт авчирсан гол хүн гэгддэг Мохамед бин Хамманыг баривчлах олон улсын тушаал гаргалаа. Дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулах эрхийн санал хураалтад авлига орсон эсэхийг шалгах ажлын хүрээнд энэ тушаал гарчээ.
Катарын эрхтэн дархтнуудыг баривчлах тушаал зургадугаар сарын 22-нд анх гарсан, шүүгч Серж Турнуа гурав дахь тушаалаа гаргаж буй нь энэ аж. Эхний тушаал Катарын нэгэн спортын зүтгэлтний эсрэг гарч байсан. Дараа нь мань шүүгч Далайн орнуудын холбооны экс ерөнхийлөгч Рейналд Темари болон хоёр туслахыг нь баривчлах тушаал үйлджээ. Бин Хамман шүүгчийн дуудлагад хариу өгөөгүй тул баривчлах тушаал болгон өөрчилсөн байна.
Катарын өндөр дээд хэргэмтэн Мохамед бин Хамман Азийн хөлбөмбөгийн холбоог тэргүүлж, 2010 онд ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд Зепп Блаттерийн хамт өрсөлдөж байв. Францын шүүгчид 2022 оны дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулах эрхийг хууль бус замаар олж авсан хэмээн хардаж байна. Рейналд Темариг Австралид санал өгүүлэхгүйн тулд авлигадсан байж болзошгүй гэж үзжээ.
Британийн Sunday Times сонин Темари 2018, 2022 оны дэлхийн аваргын саналаа арилжиж байгаа бичлэг нийтэлж шуугиулж байсан. Асуудал дэгдэхэд Бин Хамман Темарийн өмгөөллийн хөлсийг төлж албан тушаалд нь үлдээгээд улмаар түүнийг Катарын төлөө санал өгүүлсэн гэж франц шүүгчид сэжиглэж байгаа аж. ФИФА Бин Хамманыг 2011 оноос эхлэн хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцохыг хоригложээ.
Орчуулагч Б.Нямдорж
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(64.119.21.110) 2019-09-26 17:19Энэ ч ёстой л үнэн шүү
Хариулах