
Антибиотикт тэсвэртэй нянгууд нь дэлхий дээрх нас баралтын гол шалтгаануудын нэг болж, өдөрт 3500 хүн антибиотикт тэсвэртэй нянгийн халдварын улмаас нас барж, хүн төрөлхтөнд аюул заналхийлж байна хэмээн олон улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүд анхааруулж байна.
Судалгаагаар 2019 онд л гэхэд 1.2 сая гаруй хүн антибиотикт тэсвэртэй нянгуудаар үүсгэгдсэн халдварын улмаас нас баржээ Анагаах ухааны The Lancet сэтгүүлд нийтлэгдсэн дэлхийн 200 гаруй улсыг хамруулсан судалгааны үр дүнд антибиотикт тэсвэртэй нянгуудын халдварын улмаас нас барж буй иргэдийн тоо ХДХВ/ДОХ эсвэл хумхаа өвчний улмаас нас барж буй хүмүүсийн тоог давсан болохыг тогтоожээ.
Өнөөдрийн байдлаар өмнө нь эмчлэгддэг байсан халдварт өвчнүүдийг үүсгэгч нян антибиотикт тэсвэртэй болсноос болж хүмүүс хэдэн зуун мянгаараа амиа алдаж эхэлжээ.
2019 онд л гэхэд ХДХВ/ДОХ-ын улмаас 860 мянга, хумхаа өвчний улмаас 640 мянган хүн нас барсан бол антибиотикт тэсвэртэй нянгийн халдварын улмаас 1.27 сая хүн нас баржээ. Антибиотикт тэсвэртэй нян нь бүх насны хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг ч бага насны хүүхдүүд антибиотикт тэсвэртэй нянгийн халдварын хүндрэлд өртөх эрсдэл өндөртэй аж.
Дэлхий даяар антибиотикт тэсвэртэй нянгийн халдварын улмаас нас барсан 5 хүн тутмын нэг нь 5-аас доош насны хүүхэд байжээ.
Энэхүү судалгаа нь антибиотикт тэсвэртэй нянгийн халдварын эсрэг шуурхай тэмцэж, эрх баригчид хүмүүсийн амийг аварч, эрүүл мэндийн тогтолцоогоо хамгаалах бодлого боловсруулах шаардлагатай байгааг харуулж байна. Үүнд одоо байгаа антибиотикуудыг зохистой хэрэглэх явдлыг зохицуулах, халдварт өвчнүүдийн тархалт, явц, шинж тэмдгийг хянах, шинэ антибиотик гаргаж авах, шинэ эмчилгээ нэвтрүүлэхэд зориулсан санхүүжилтээ нэмэгдүүлэх зэрэг багтах аж.
Бүс нутгаар авч үзвэл Сахарын цөлөөс өмнөд зүгт байрлах Африкийн орнуудад болон Өмнөд Азид 100 мянган хүн тутамд 22-24 хүн антибиотикт тэсвэртэй нянгийн халдварын улмаас нас барж байгаа бол өндөр орлогтой орнуудад 100 мянган хүн тутамд 13 нь нас барж байгааг тогтоожээ.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn