Архидан согтуурах нь гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан мөн үү?

Twitter Print
2020 оны 12-р сар 23-нд 14:17 цагт
Мэдээний зураг,

Архидан согтуурах нь гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан мөн үү?

Насанд хүрсэн хүн согтууруулах ундаа хэрэглэх нь зөрчил, эсхүл гэмт хэрэг биш бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн шалтгаанд шууд утгаараа тооцогддоггүй. Гэвч согтууруулах, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ хүн гэмт хэрэг, зөрчил үйлдэх магадлал ихэсдэг бөгөөд тухайн үед үйлдсэн зөрчил, гэмт хэргийг шийдвэрлэхэд хүндрүүлэх нөхцөл болдог. Түүнчлэн статистакаас харахад Гэр бүлийн хүчирхийллийн бараг 50 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байдаг байна.

Архи, согтууруулах ундаа хэрэглэх нь гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан болдоггүй ч гэсэн олон хүмүүс архинаас үүсэлтэй асуудлаас болж гэртээ байнгын сэтгэл санааны, бие мах бодийн болон бэлгийн дарамттай амьдардаг. Гэр бүлийн хүчирхийлэл үүсэх суурь шалтгаан нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн хоорондын харилцаа юм. Гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд харилцаагаа эерэг аргаар шийдэж чадаагүйн улмаас нэгнийхээ бие мах бодид халдаж, хохирол учруулж, аливаа хэлбэрийн хүчирхийлэл үйлдэж асуудлаа шийдвэрлэдэг. Архи, согтууруулах ундаа хэрэглэх нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлж байгаа хүчин зүйл болохоос биш, шалтгаан нь биш юм.

Согтууруулах, мансууруулах бодист донтсон хүнд тэгвэл ямар арга хэмжээ авдаг вэ?

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль бий. Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заасан байдаг”. Үнэхээр согтуурсан, мансуурсан үедээ өөртөө, гэр бүлдээ, ойр орчимынхоо хүмүүсд аюул учруулах эрсдэлтэй байдаг бол тус албадан эмчилгээнд явуулах хэрэгтэй байна.

Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд байдаг. Тус газар нь жилд дунджаар 400-600 гаруй өвчтөнг Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу хүлээн авч, 2-6 сарын хугацаагаар албадан эмчилгээнд хамруулдаг байна. Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь хордлого тайлах, архины дур дарах, архи зохисгүй болгох, сэтгэл зүйн засал гэсэн үндсэн 4 төрлийн эмчилгээг хийдэг байна.

Эх сурвалж: Хууль сахигч ТББ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.