
Ханс Йоахим Экерт тэргүүтэй ФИФА-гийн /Олон улсын хөлбөмбөгийн холбоо/ Ёс зүйн хорооны хурлаар Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдын олон улсын болон үндэсний хэмжээний тэмцээн уралдаанд төлөөлөгчөөр оролцох эрхийг таван жилээр хаслаа. Үүний шалтгаан нь Б.Ганболд 2009 оны Азийн хөлбөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн сонгууль болон 2011 оны ФИФА-гийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө М.Бин Хаммамаас авлига авсан нь тогтоогдсон аж. ФИФА-гийн Ёс зүйн хорооны дүрмийн 13 /ФИФА-гийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм/, 18 /үйл ажиллагааны тайлан гаргах/, 19 /ашиг сонирхлын зөрчил/, 20 /ашиг сонирхлын үүднээс бэлэг авах/, 21 /авлига, хээл хахууль/, 42-р /хамтран ажиллах үндсэн үүрэг/ зүйлүүдийг зөрчсөн үйлдэл болсон гэж албан ёсны мэдээллийн цахим хуудсан дээрээ бичжээ. Б.Ганболдын шийтгэл нь 2014 оны аравдугаар сарын 15-наас эхэлсэн байна.
Сүүлийн үед ФИФА-гийн ажилтнууд авлигатай холбогдох нь ихэссэн билээ. Тухайлбал 2011 онд Азийн хөлбөмбөгийн хорооны дарга М.Бин Хаммам 40 сая ам.долларын авлигийг Карибын ойролцоо орших улсуудын хөлбөмбөгийн холбооноос авсан болох нь тогтоогдсон. Мөн Шинэ Зеландын хөлбөмбөгийн холбоо Герман улсаас авилга авсан хэмээн шалгагдаж байсан. Үүний учир нь 2006 оны дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулах улсыг тодруулах санал асуулгад Шинэ Зеланд оролцохоос татгалзсан. Тухайн үед Герман, ӨАБНУ сүүлийн шатанд өрсөлдөж Европын төлөөлөл нэг саналын илүүтэй ялалт байгуулж байсан. Хэрэв санал тэнцсэн бол дахин санал хураалт явуулах нөхцөл байдал тэр үед гарах байсан аж.
Эх сурвалж: http://www.fifa.com/aboutfifa/organisation/bodies/news/newsid=2457464/index.html

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505