УОК-т цугларсан хандиваас гадаадад байгаа зорилтот бүлгийн иргэдэд 300 сая төгрөгийг шилжүүлжээ

Twitter Print
2020 оны 08-р сар 24-нд 12:38 цагт
Мэдээний зураг,

Гадаад харилцааны яамнаас өнөөдөр /2020.08.24/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг Улсын онцгой комисст төвлөрсөн хандив тусламжаас 300 сая төгрөгийг цар тахлын урьдчилан сэргийлэх зорилгоор Хилийн чанадад байгаа монгол иргэдийн санд төвлөрүүлсэн талаар мэдээлэв. 

Тэрбээр "Наймдугаар сард нийтдээ 17 удаагийн нислэг үйлдэнэ. Өнөөдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц иргэдээ татан авахаар нислээ. Өнөөдрийн байдлаар гадаадын 52 улсаас 18392 иргэнээ татан авсан. Энэ сардаа АНУ, Казахстан, Австрали улс руу нислэг хийх үлдээд байна. Ингэснээр бид агаарын замаар болон боомтоор 4500 иргэнээ татан авсан.  Өнөөдрийн байдлаар хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэд дэлхийн 53 улсад 12.461 хүн байна. Энэ тоо буураагүй юм шиг боловч бүсээр нь аваад үзвэл АНУ-д 2400, БНСУ-4500 гаруй, Австрали улсад 1100 орчим иргэн байна. Бусад Ази болон Европын улсуудад нутаг буцах хүсэлтэй иргэдийн  тоо эрс буурсан. Зөвхөн тоог харахаас гадна өргөдлийн агуулга, хүндрэлтэй нөхцөлд байгаа иргэдийн тоо эрс буурсан. Цаашид есдүгээр сарын төлөвлөгөөндөө АНУ, Сөүлийн чиглэлд нислэг үйлдэж, иргэдээ татан авахаар ажиллана.

Гадаадаас ирсэн иргэд буцах хүсэлтэй байна. Ялангуяа сүүлийн сард энэ хүсэлт өргөдлүүд нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар цар тахлын өндөржүүлсэн байдал хэвээрээ байгаа.

Зарим улс орнуудад хоёрдугаар давалгаа эхэлсэн. Гадаад харилцааны яаманд тогтмол хүсэлт тавьж байгаа иргэд бол БНХАУ-д зорчих хүсэлтэй холимог гэр бүлийн асуудал байна. Ойролцоогоор 170 орчим өргөдөл ирснээс 120 өргөдөл нь холимог гэр бүл байгаа. Бид өдөр болгон энэ иргэдтэй уулзаж байна. БНХАУ-ын зүгээс гадаад иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй хэвээрээ байгаа. Эдгээр иргэний асуудлыг хүмүүнлэгийн шугамаар шийдвэрлэх талаас Хятадын талтай ярилцаж байна. Мөн гадаадад суралцдаг 40 гаруй мянган оюутнаас хамгийн олон буюу 12 мянган оюутан БНХАУ-д суралцдаг. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын их сургуулиуд хэзээ үйл ажиллагаагаа эхлэх вэ гэдгийг зарлаагүй байна. ОХУ-д суралцдаг оюутнуудаас өнгөрсөн хугацаанд 3000 гаруй оюутныг авч ирсэн бөгөөд одоо 100 орчим оюутан бий.

Бид олон улсын байгууллагуудтай хамтран зорилтот бүлгийн иргэдээ гадаадаас авч ирэхээр судалж, ажиллаж байна.  Бразилд хүндрэлтэй байгаа иргэдэд олон улсын байгууллагын шугамаар тусалж, эх орондоо авч ирэхээр судалж байна. Улсын онцгой комисст төвлөрсөн хандив тусламжаас 300 сая төгрөгийг цар тахлын урьдчилан сэргийлэх зорилгоор Хилийн чанадад байгаа монгол иргэдийн санд төвлөрүүлж, аваад байна. Өнгөрсөн зургадугаар сард 1000 орчим иргэдэд хүнсний тусламж, түрээсийн туслалцаа үзүүлсэн. Энэ 300 сая төгрөгтэй холбоотой шийдвэр саяхан гарсан тул гадаад байгаа зорилтот иргэдэдээ тодорхой шалгуурыг тогтооно" гэлээ. 

Г.Ганаа

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.