Украины 1000 гаруй олзлогдсон цэргүүдийг ОХУ руу шилжүүлжээ

Twitter Print
2022 оны 06-р сар 08-нд 10:42 цагт
Мэдээний зураг,

Оросын ТАСС агентлагийн мэдээлж байгаагаар Украины Мариуполь хотод ОХУ-ын зэвсэгт хүчнийхэнд бууж өгсөн Украины 1000 гаруй цэргийг Оросын хууль сахиулах албанаас шалгах зорилгоор ОХУ руу шилжүүлжээ.

Киев Мариуполь хотын Азовсталь гангийн үйлдвэрт байсан 2000 гаруй цэргүүдээ хоригдол солилцоогоор эргүүлэн авахаар ярилцаж байгаа ч ОХУ-ын эрх баригчид Украины цэргүүдийг ОХУ-ын шүүхээр оруулж, зохих ялыг нь оноох ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байсан билээ. ТАСС агентлаг, "Азовсталь үйлдвэрт байсан 1000 гаруй иргэнийг ОХУ-д авчирсан ба Оросын хууль сахиулах алба тэдэнтэй тулж ажиллаж байна." хэмээн бичжээ.

Түүнчлэн нэгэн эх сурвалжийн ТАСС агентлагт мэдээлснээр Москва удахгүй Украины хоригдол цэргүүдээс дахин нэмж Орост авчрах аж. Украины зэвсэгт хүчнээс мэдээлснээр ОХУ Киевт Украины 210 цэргийн цогцсыг эргүүлэн өгчээ. Тэдгээр амиа алдсан цэргүүдийн дийлэнх нь Украины Мариуполь боомт хотыг хамгаалж, Азовсталь гангийн үйлдвэрт нуугдаж байсан дайчид аж. Амиа алдсан цэргүүдийн гэр бүлийнхэн Украины зүүн өмнөд зүгийн Мариуполь боомт хотыг хамгаалж байсан зарим дайчдын цогцсыг Киев хотод хүргэж ирсэн хэмээн мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Украины Эзлэгдсэн газар нутгийг дахин нэгтгэх яамнаас ОХУ-Украин хоёр хоорондоо тулааны үеэр амиа алдсан цэргүүдийн цогцсыг солилцох зөвшилцөлд хүрсэн тухай мэдээлсэн ба талууд тус бүр 160 цогцос хүлээн авна гэдгийг онцолж байсан билээ.

ОХУ-ын Украинд буцаасан 160 цогцосны 50 гаруй нь Украины "Азов" тусгай ангийн цэргүүд байсан талаар ар гэрийнх нь мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.