Б.Цэрэннадмид эмээ "дэлгүүр"-тэй болов

Twitter Print
2016 оны 04-р сар 17-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Өнөө өглөө явдаг л замаараа ажил руугаа явж байтал нэг юм үгүйлэгдэх шиг болоод зогтусав. Өө, нээрээ тийм байна шүү дээ, Б.Цэрэннадмид гуай хаачив гээд ийш тийшээ хартал эмээгийн танил ногоон малгай шилэн хаалганы цаанаас цухуйх. Дулаацах гэж орсон юм болов уу гээд байгаа газар нь ортол эмээгийн баяртай царай, нөгөө л зардаг хэдэн юмаа нямбайхан өрөөд шилэн лангууны цаана зогсох нь үнэхээр жаргалтай харагдах аж.

Өө, таныг чинь хааччихав гээд сандарлаа ш дээ, гэвэл “эмээ нь дэлгүүртэй болоод” гээд ичингүйрэн инээмсэглэх аж. Би ч бас баяр бахдал дүүрээд явчихлаа. Орсон гарсан бүхэн баяр хүргэнэ. Эмээ, та чинь хэзээ ийм дэлгүүртэй болчихоов гэвэл “Намрын дунд сарын Шинийн 17-нд нээсэн. Энэ байшингийн эзэн юм шиг байгаа юм. Нэг буяны байгууллагын л хүн бололтой юм, Солонгос хүн тусалж энэ байшингийнхаа буланд энэ зайг гаргаж өглөө. Жаахан засвар хийсэн. Хажуугийн бүх байгууллагууд, үсчин, Хас банк гээд бүгдээрээ эрвийх дэрвийхээрээ туслаж намайг тохижуулж өглөө. “Хамт олон"-ыхоо хүчинд ийм сайхан дулаахан байранд сууж, ажлаа хийдэг болсондоо баярлаад баршгүй. Байнга л эднийхээ төлөө залбирч байна даа” гэлээ.

Өвөл зунгүй халуунд халж, хүйтэнд хөрөн 13-р хорооллын автобусны буудал дээр нөмөр бараадан юм зарж суух Б.Цэрэннадмид эмээг хараад өмнөөс нь халууцах, даарах, харамсах, өрөвдөх өдөр бишгүй л нэг байсан. Гэвч хий дэмий л ганц нэгхэн чихэр, печень авахаас өөрөөр тус хүргэж чадахгүйдээ харамсан, дэмий л санаа зовон цааш алхдагсан.

Хэнтий аймгийн Галшар сумын харъяат Б.Цэрэннадмид гуай 13-р хорооллын автобусны буудлын хавьцаа гар дээрээс наймаа хийж 19 жилийг ардаа үджээ. Хүмүүсийн хөл хө­дөлгөөн эхлэхтэй зэрэгцэн гартаа дааж ядсан том цүнх барьсан эмээ өглөө бүр автобуснаас бууж харагддагсан. 

Цагийн аясыг үл анзааран өвөл, хавар, зун, бас намаржин байшингийн нөмөр, булан тохой бараадан жижигхэн хайрцаг өмнөө тавин жижиглэнгийн худалдаа эрхлэх олон хүний нэг нь энэ хөгшин юм. 

Энэ жил 70 шүргэж байгаа тэрээр бага залуудаа нутаг орондоо мал маллаж, хожим нь цахилгаанчины мэргэжил эзэмшиж, насаараа уурхайд ажилласан гэх. Хүү охин хоёртой өрх толгойлсон тэрээр тэднийгээ тэжээх, эрдэм боловсролтой хүмүүс болгох гэж ийнхүү насаараа борви бохисхийлгүй зүтгэжээ.

Анх хотод ирээд айлд амьдардаг байсан болохоор юу ч болов хийж амьдрал ахуйд нь тус болох гэж цай зарж эхэлсэн хэмээн хууч хөөрнө. Олон жил янз бүрийн юм зарахдаа хүүхдүүдээ өлсгөж цангаахгүй гэсэндээ өдөрт яг 2 буузаар голоо зогоодог байсан гэнэ. Ингэж олон жил зүтгэсний хүчинд, өөрөө бол ардчилалын буянаар гэнэ, өөрийн гэсэн газартай болж, тэндээ хашаа хатгаж, байшин барьж гэнэ.

“Хүнд хийх ажилтай байх шиг сайхан зүйл байдаггүй. Ямар ч ажлыг голохгүй хийдэг, хувирч чаддаг л байх ёстой гэж боддог. Энэ л онолоор хоёр хүүхдээ өсгөсөн. Одоо хоёр хүүхэд маань тус тусынхаа ажлаа хийгээд сайхан амьдарч яваа” гэлээ.

Та олон жил энд гадаа сууж, ард олныхоо дунд “хутгалдлаа”. Хүмүүст хандаж юу хэлмээр санагддаг вэ гэхэд “Эмээ нь баяр ёслолд л жаахан дургуй болоод байгаа даа. Манайхан баяр ёслол гэхээр архи дарстай хутгаад байх юм. Баяр болохоор сайхан, сайхан “жижиг” залуучууд согтуу яваад, шороо тоостой хутгалдахыг хараад зүрх шимширдэг”, бас манай охидууд тамхи их худалдан авах юм, үүнд л их эмзэглэдэг дээ гэлээ.

Харин энэ хавийнхаа аж ахуйн нэгж байгууллагуудыг “түшиж тулах ах дүүс” мэтээ шүтдэг. Эд нарынхаа хүчинд өдий зэрэгтэй яваа. Ноднин золгүй байдлаар гэр орноо шатаачихаад юу ч үгүй болоход 13-р хорооллын автобусны буудлын хавийн байгууллагууд, Хас банкнаас эхлээд бүгд мөнгө төгрөг хандивлаж, туслажээ.

Харин "өвдөхөөс л их айдаг даа. Эрүүл саруул байвал хүн юу ч хийж чадна. Би өөрийгөө хэзээ ч ядуу зүдүү гэж бодож байгаагүй” гэлээ.

Та дандаа урлагийн хүн шиг хувцаслаад суудаг байсан яасан бэ, би таныг залуудаа урлагийн хүн байсан юм болов уу гэж боддог юм гэхэд “тэр чинь би үндэснийхээ соёлоор бахархаж байгаа юм. Хоёрт, гудамжинд юм зардаг хүн уранхай навсархай, муухай хувцастай байх албагүй ш дээ. Үнэтэйдээ биш би хэрд таарсан материалаар өөрийнхөө сэтгэлд таарсан сайхан үндэснийхээ хувцасыг хийж өмсдөг байсан. Гэр шатахад бүгд шатаад ганц энэ малгай үлдсэн. Наймаагаа сайн хийгээд жаахан сэрвийхээрээ гоё үндэснийхээ хувцасаа хийлгэж өмсөнө” гэлээ.

“Эмээгийн мухлаг” гэх хөөрхөн хаягийг хажуугийн байгууллагуудынх нь хүмүүс ярилцаж байгаад хийлгэж өгчээ.

Хэнээс ч гуйдаггүй, өөрөө өөрийнхөө амьдралыг болгоод, зүгээр сууж үзээгүй хөөрхөн эмээ маань юутай ч дулаан газар суух болсонд олон хүн баярлаж байна. Амьдралын төлөөх уйгагүй тэмцэлээрээ олон хүнд үлгэр жишээ болж харагддагаараа та  ч бас нийгэмд зохих үүргээ гүйцэтгэж яваа хүн шүү. Танаар бахархаж байна. 

Тийм ээ, өнөөдөр би их баяртай байна. Бас болоогүй ээ, баяраа хуваалцаж эмээгээс "Жек" шоколадтай өрмөнцөр худалдан аваад ажлынхныгаа дайлсан гэж байгаа. Намайг ингэтэл баярлуулсан Б.Цэрэннадмид гуай болон “Эмээгийн мухлаг”-ийг бүтээлцсэн бүх хүнд талархаж байна. 

Эмээгийн мухлагаар ороод нэг гараарай даа, хө. 

2014 оны 10-р сарын 17, Улаанбаатар

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.