Хаврын улирлын идээ унд, явдал мөр

Twitter Print
2022 оны 04-р сар 02-нд 11:35 цагт
Мэдээний зураг,

Уламжлалт анагаах ухаанд хамгийн чухал нь цаг улиралтай тохируулан хоол унд, явдал мөрөө зохицуулах байдаг шүү дээ. Хаврын улирлын идээ унд, явдал мөрийн талаар зөвлөхгүй юу?

Бадган аривддаг учир ширүүн, илчлэг, бүлээн, хөнгөн чанартай хоол хэрэглэж, хоолны хэмжээг багасгана. Хоолныхоо хэмжээг багасгана гэдэг нь идэхгүй байх, өлсөөд яваад байна гэсэн үг биш юм. Хүний ходоодны хэмжээ нь өөрийнх нь хоёр алгыг нийлүүлж тоссон хэмжээтэй байдаг. Үүний дөрөвний гуравт нь хоол, ундаа тохируулан хэрэглэж, шингээх үйлдлийг сайн явуулахын тухайд дөрөвний нэгийг хоосон байхаар тооцно.

Өвлийн улиралд ходоодны галын илч сайн байх үед чанасан мах, өөх тостой хоол ихээр хэрэглэж байсан бол хавар хүнд хоол, өөх тосны хэрэглээг багасгах нь зүйтэй. Цагаан гааг усанд буцалгаж, эсвэл буцалсан усанд дэвтээгээд уувал бадганыг дарж, хийн бэлгэ чанарыг тэгшитгэнэ.

Мөн буцалсан усанд зөгийн бал хутгаж ууж болно. Харин ногоон цай, хар цай, липтон цай зэрэг сэрүүн чадалтай цайг энэ улиралд хэрэглэх нь зохисгүй. Мөн түүхий, хүйтэн сүү хэрэглэж болохгүй.

Явдал мөрийн хувьд бадган арвидаж байгаа учраас явган алхах, сунаж мөргөх зэргээр зохистой дасгал хөдөлгөөнийг өдөр бүр тогтмол идэвхитэй хийгээрэй. Мөн шөнө унтах цагаараа сайн унтаж амраад, өдөр унтахгүй байх хэрэгтэй. Өдөр унтах заалттай хүмүүс буюу хүүхэд, хөхүүл эмэгтэй, хүнд өвчтэй хүн, ахмад настнуудаас бусад нь өдөр унтаж болохгүй.

Өдөр унтвал бадган аривдана, хавдана, таргална. Бадган ихэсвэл ой тогтоолт муудах, нозоорох, залхуурах, бие хүндрэх, сэтгэл хүндрэх, ажил үйл хийхэд дургүй болох, хоолны шингэлт муудах, таргалах, нус цэр ихсэх зэрэг шинжүүд илэрдэг. Тиймээс бие, хэл, сэтгэлийн зохистой үйлийг идэвхи чармайлттай хийх хэрэгтэй.

МАНБА ДАЦАН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЗӨВЛӨХ ЭМЧ, АУ-Ы ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Г.ОДОНЦЭЦЭГ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.