Амар амгалан гэж юу вэ? /Сургамжит өгүүллэг/

Twitter Print
2020 оны 04-р сар 10-нд 18:41 цагт
Мэдээний зураг,

Уран зураг зурахад бусдыг сургадаг нэгэн нэртэй зураач байжээ. Нэг удаа тэрээр туйлын амар амгалан байдлыг илэрхийлсэн зураг зурах даалгаврыг шавь нартаа өгчээ. Шавь нар нь өөр өөрийнхөөрөө энэхүү утга санааг илэрхийлсэн зургийг зурахын тулд олон олон өдөр шөнийг зориулж гэнэ.

Шалгаруултын өдөр ч болж, бүх бүтээлүүд дотроос хоёр зураг л шигшигдэн үлдсэн бөгөөд шавь нараараа аль нь шилдэг болохыг тодруулахаар шийджээ. Бүгд л тэрхүү хоёр бүтээлийг шимтэн судалж гарав. Эхний зурган дээр маш амгалан далайн элст эргийг зурсан байх бөгөөд гоёмсог байгаль, цэлмэг тунгалаг тэнгэр, хурцаар ээх нар, үзэсгэлэнтэй ногоон модод харагдах ба тэр зурагнаас халуун дулаан, амар амгалангийн мэдрэмж нэвт ханхалж байлаа.

Хоёр дахь зураг нь түүнээс огт өөр зураг байв. Тэр зурганд шовх ирмэгт хад цохионууд болон догшноор давалгаалаах тэнгис зурагдсан байв. Тэнгэр нь сав саарал өнгөтэй харагдах агаад асар том давалгаануудынх нь байдал аймшиг төрүүлэхүйц харагдах ажээ. Өнгөцхөн харвал тэрхүү зураг багшийн тавьсан шаардлагад огт үл нийцэхүйц байлаа.

Шавь нар нь ч багшийгаа чухам ийм зургийг чухам яагаад сонгоо вэ хэмээн эсэргүүцэн шуугилдав. Харин багш нь тэдэнд хандан, зургийг дахин сайтар нягталж харахыг зөвлөв гэнэ. Энэ зөвлөгөөг дагаж, мөнөөхь зургийг сайтар ажиглан харсны эцэст тэд эхлээд анзаарч хараагүй нэгэн зүйлийг олж харжээ.

Мөнөөхь олон аймшигт хадан цохионуудын нэгэн дээр нов ногоон мод ургасан байх ба тэр модны мөчир дээр нэгэн шувууны үүр харагдах ажээ. Тэр үүрэнд гадна байдлаас нь туйлын амар амгалан байдал нэвт мэдрэгдэх нэгэн бяцхаан цагаан шувуу сууж байлаа. Чухам энэ үед л шавь нар нь, энэхүү зураг, багшийн тавьсан шаардлагад гайхалтай нийцсэн болохыг ухаарчээ. Жинхэнэ амар амгалан гэдэг нь асуудал проблемгүй байх, бүх зүйл бүрэн эв зохицолтой байхын нэр биш. Харин гадна орчинд, эргэн тойронд чухамхүү юу болж байлаа ч сэтгэлийн амар амгалангаа хадгалж чадах чадварыг хэлдэг ажээ.

Тэргүүн байрыг энэхүү зургийг зурсан шавь хүртсэн ба бусад нь энэ үйл явдлаас үнэтэй сургамж авч хоцорсон гэдэг. Жинхэнэ амар амгалан бидний дотоодод буй. Сэтгэлийн амар амгаланг олсноор бид амьдралын ямар ч хар шуургыг даван гарч чадах ажгуу.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.