2019 оны НӨАТ-ын буцаан олголтоор 907 мянган иргэнд 139 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно

Twitter Print
2020 оны 01-р сар 25-нд 16:08 цагт
Мэдээний зураг,
  • 2019 оны НӨАТ-ын буцаан олголтоор 907 мянган иргэнд 139 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно

  • Дөрвөн жилийн хугацаанд ийнхүү өссөн үзүүлэлтйиг татварын хуулийн хэрэгжилт сайжирсантай холбон тайлбарлав

НӨАТ-ын буцаан олголтыг ирэх сараас эхлэн иргэдэд тараах гэж байна. Татварын ерөнхий газрын урьдчилсан тооцооллоор 2019 оны НӨАТ-ын буцаан олголтоор 907 мянган иргэнд 139 тэрбум төгрөгийн урамшуулал олгох аж. НӨАТ-ыг 2016 оноос эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд худалдан авалт бүрийнхээ баримтыг бүртгүүлсэн иргэний тоо болон буцаан олголтын хувь хэмжээ өссөн байна. Тухайлбал, 2016 онд НӨАТ-аас улсын төсөвт 493 тэрбумтөгрөг төвлөрсөн бол үүнээс нэг хүнд олгосон мөнгөн дүн 57,259 төгрөг нийт 35.1 тэрбум төгрөг зарцуулжээ.

Харин 2017 онд нийт 734 тэрбум төгрөг төвлөрсөн бол үүнээс нэг хүнд олгосон дундаж мөнгөн дүн нь 119,403 төгрөг байв. Үүнийг нийт дүнгээр нь авч үзвэл, 77.7 тэрбум төгрөг буцаан олголтод зарцуулсан гэсэн үг. 2018 онд улсын төсөвт нийт 898 тэрбум төгрөгийн татвар хуримтлагдсан ба үүнээс 128.8 тэрбум төгрөгийг буцаан олголтод зарцуулжээ. 

Харин 2019 оны гуравдугаар улирлын байдлаар улсын төсөвт 739 тэрбум төгрөгийг НӨАТ-аас татан төвлөрүүлжээ. Дөрвөн жилийн хугацаанд ийнхүү өссөн үзүүлэлтийг Татварын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч хуулийн хэрэгжилт сайжирсантай холбон тайлбарласан юм.

Энэ оноос татварын багц хууль шинэчлэгдэн хэрэгжиж, НӨАТ-ын тухай хуулийн зарим заалтад нэмэлт өөрчлөлт орсон. Тухайлбал, энэ жилээс НӨАТ-ын буцаан олголтыг улирал бүр олгохоор болж, тухайн улирал дууссанаас хойш 45 хоногийн дотор буцаан олголтын урамшуулал иргэдийн дансанд шилжүүлэх юм. Аж ахуйн нэгж илгээгүй гэх төлөвт байгаа баримт болон тухайн аж ахуй нэгж баримт өгөхгүй байгаа тохиолдолд e-barimt аппликейш нээр дамжуулж гомдол гаргах боломжтой. Мөн үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулж буй ААН-үүд e-barimt-ын системд бүгд холбогдсон байх ёстой.

Харин хувиараа хөдөлмөр эрхлэгч буюу жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн 80 хувь нь баримт хэвлэн өгдөг болсон бол, үлдсэн нь бүртгэлгүй хэвээр байна.

НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг нэгдүгээр улиралд олгоно гэж журамд заасан байдаг. Гэхдээ ирэх хоёрдугаар сард багтаан олгохоор ажиллаж байна хэмээн Татварын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэв.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.