Эрүүл мэндийн салбараар сонин юу байна

Twitter Print
2014 оны 10-р сар 17-нд 12:02 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Сувилагч, бага эмч нар хүн ардыг эрүүлжүүлэх ажилд том хувь нэмэр оруулж байгаа шилдэг хүмүүс

32 мянга гаруй мэргэжилтэн бэлтгэсэн түүхтэй сургуулийн 85 жилийн ой ажил хэрэгч болж байгаад баяртай байна. Сувилагч, бага эмч нар хүн ардыг эрүүлжүүлэх ажилд том хувь нэмэр оруулж байгаа шилдэг хүмүүс. Эрүүл чийрэг монгол хүний төлөө гэсэн энэ хичээл зүтгэл, хөдөлмөр, хөлс хүч шингэсэн ажил нь улам бүтэмжтэй байж монголчууд эрүүл саруул байх болтугай.  \Зууны мэдээ 2014.10.10 242\4869\

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт сэргийлэлтийн хэлтсийн дэд захирал Г.Сүрэнханд: Эбола вирусээр өвчилсөн байж болзошгүй дөрвөн хүнийг хяналтанд байлгасан

Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр эбола вирусээр өвчилсөн 8105 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 3000 орчим хүн нас барсан. Нигерт эбола вирусийн тархалтыг намжаасан. Эрсдэлтэй байгаа орнуудад ажиллаж буй хүмүүс уг халдварыг зөөвөрлөх тохиолдол ихэсч байна. Тухайлбал, АНУ, Испанид вирусын халдвартай хүн илэрлээ. Өвчтэй хүнд үйлчилж байсан эмнэлгийн ажил-тан хүртэл халдвар авсан. Тиймээс Монгол улс эбола вирус гарсан цагаас хойш мэдээллийг жигд хүргэж байна. Хэрэв ийм тохиолдол гарлаа гэж үзвэл ганцхан Эрүүл мэндийн яамны хариуцах асуудал биш. Олон салбарын ажиллагаа хэрэгтэй. Тиймээс Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн, харьяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хүнсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг газарт мэдээлэл хүргүүлж байна.Нууц үеийн хугацаанд халдвар дамждаггүй. Гэхдээ нууц үе харилцан адилгүй байна. Аль ч үед илэрч болно. Тиймээс энэ хугацаанд өөрийгөө халдвар авсныг мэдэлгүй хил дамжих тохиолдол байдаг. Хил дээр зөвхөн халуун үзээд оруулдаг. Хэрэв ямар нэг шалтгаангүй халуурч байвал оруулахыг хориглодог. Гаднаас ирж буй хүний зорилго нь тодорхой, гэрээ хэлцэлтэй, хүлээж авах компанитай үед оруулдаг. Тодорхой бус хүнийг буцаах ёстой. Буцаасан тохиолдол ч бий. Үүнээс гадна манай улсад ирсэн дөрвөн хүнийг 21 хоно хяналтанд байлгасан. Дурьдсан хугацаанд вирус илрээгүй. \Монголын үнэн 2014.10.13 195\22707\

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Бид эболагаас хамгаалж бэлэн байдлаа хангах ёстой

Эбола вирусийн халдвар дэлхий нийтийг цочроосон ноцтой асуудал боллоо. ДЭМБ-аас эболагийн вируст халдвар нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, халдварт өвчний том дэгдэлт гарлаа гэдгийг мэдэгдсэн. Тиймээс ДЭМБ-ын гишүүн орон бүрт өөрийн эрүүл мэндийн чадавхиа нэмэгдүүлэх, бэлэн байдлаа хангах, халдварын үед хэрхэн ажиллах талаар удирдамж, чиглэлүүдийг өгч байна. Эбола вируст халдвар 2013 оны арванхоёрдугаар сараас баруун Африкийн Гвиней улсад анх бүртгэгдсэн. Жил гаруйн хугацаанд халдварын голомт дарагдахгүй, огцом газар авч дэгдэлт хэлбэрээр бүртгэгдээд Гвиней улсын ойролцоо хил залгаа бусад Либер, Сьерра Леонд гарсан. Улмаар АНУ, Испани, уржигдар Германд бүртгэгдлээ. Есөн улсад 8000 гаруй тохиолдол бүртгэгдэж 50 орчим хувь нь нас барж байна. Халдварын үед хамгийн аюултай зүйл нь тэнд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид өртөж байна. Энэ халдварт вирус гарснаас хойш 400 гаруй эмнэлгийн ажилчин өвдсөнөөс 50 гаруй хувь нь нас барлаа. Тиймээс нийгмийн эрүүл мэндийг цочроосон ноцтой байдал үүссэн нь тодорхой. Бид глобалчлалын эринд амьдарч байна. Манай хүмүүс гадагшаа их явж байна. Гаднаас орж ирж байна. Олон улсын эрүүл мэндийн дүрмээр бол ДЭМБ-аас хөл хорио тогтоогоогүй үед олон улсын аялал жуулчлал, тээвэр, холбоог хаахыг зөвлөдөггүй. Тиймээс өөрсдийхөө бэлэн байдлыг хангахад онцгой анхаарах ёстой. Бид вирус бүртгэгдэж эхэлснээс хойш холбогдох газруудад заавар, зөвлөмжүүдийг өгч байна. \Зууны мэдээ 2014.10.16 246\4873\

Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Пүрэвжав: Өвчтөнд буруу онош тавьж, хагалгаа хийх гэж байсан байна

Төв болон төрөлжсөн эмнэлэгийн үйлчилгээ, мэргэжлийн эмчийн стандарт болон Эрүүл мэндийн сайдын гаргасан тушаалаар эмнэлгийн байгууллагуудад хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчилд Мэргэжлийн хяналтаас хяналт тавьж, салбарын яам болон холбогдох газарт мэдэгдэж арга хэмжээ авсан. Тухайлбал, үе болон эрхтэн шилжүүлж суулгах хагалгаанд удирдамж гаргаагүй байсан учраас зогсоосон... Стандарт болон эмнэлэгийн байгуулагын төсөв санхүүтэй холбоотой асуудал нилээд яригдаж байгаа. Мөн эмнэлгийн байгууллага ажиллах ёстой орон тоогоороо ажиллаж чадахгүй байна. Энэ нь эмнэлгийн байгууллагын төсөв мөнгөтэй шууд холбоотой байгаа юм. Бидний зүгээс гарсан зөрчил дээр цаашид төлөвлөгөө гарган ажиллана. Мөн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан шийвэртэй холбогдуулан эмнэлгийн байгууллагын удирдлагуудад санал хүргэж, холбогдох арга хэмжээг авна.

\Нийслэл таймс 2014.10.10 182\1396\

“Биохэлф Монголиа” ХХК-ийн эрүүл мэндийн зөвлөх Г.Уянга: Жинхэнэ зуун наст таныг эрүүлжүүлэн залуужуулах шидэт увидастай

Алое вера нь олон төрлийн амин дэм, эрдэс бодис, амин хүчлээр баялаг учраас тэжээлийн бодисуудаар бие махбдийг хангахаас гадна дархлаа сайжруулах, нян, бактер устгах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй олон төрлийн бодисыг агуулдаг. Үүгээр зогсохгүй шинэ эд эсийн нөхөн төлжилтөнд онцгой үйлчилгээ үзүүлдэг нь олон мянган жилийн хэрэглээ, судалгаагаар батлагдсан тул жинхэнэ зуун наст нь эрүүлжүүлэн залуужуулах гайхалтай увидастай, шидэт ургамал гэж хэлж болох юм. \Өдрийн сонин 2014.10.14 245\4885\
Эмгэг судлалын үндэсний төвийн захирал Г.Уянга: Эмгэг судлаач эмч нарын тавьсан онош таны эмчилгээг шийднэ

Эмгэг судлал бол хүний өөрийнх нь биеэс авсан зүйлсийг эд, эсийн түвшинд нь судалж байгаа учраас онош 99 хувийн магадлалтай гардаг. Эмгэг судлаач эмч бол хамгийн чадварлаг нь байх ёстой. Энэ нь нэг эмчийн үйл ажиллагаа биш, олон эмч харж зөвлөлддөг. Орчин үед хавдар их болоод байна. Тиймээс хавдрын эсийг ялгаж салгах үүрэгтэй. Хавдрыг эхлээд мөн үү, биш үү гэдгийг оношилно. Хэрвээ эрт үед нь оношилбол өвчтөн эрт эмчилгээндээ орно. \Үндэсний шуудан 2014.10.15 197\2133\

Зүүнхараа хотын нэгдсэн эмнэлэгийн Дотрын тасгийн эрхлэгч, их эмч Отгонтуяа: Зүүнхараа аймгийн дайтай сум гэдгийг ойлгох хэрэгтэй

Хүн амыхаа тоотой харьцуулахад Зүүнхараагийн нэгдсэн эмч нар ачаалалтай ажилладаг. Тухайлбал, дотрын тасаг гэхэд өнөөдрийн байдлаар 40 ортой. Үүнээс хэвтэж эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийнхээ хэдийг нь авч чадаж байгаа билээ. Хэцүү шүү дээ. Өнөөдрийн байдлаар манай тасагт 2 эмч ажиллаж байна. Ачааллын хувьд мэдээж өндөр. Хүний нөөцийн хувьд учир дутагдалтай байгааг нуулгүй хэлэх хэрэгтэй. \Зууны мэдээ 2014.10.16 246\4873\

Эх сурвалж: ЭНХ-АРСЛАН ГРУПП өдөр тутмын мониторингоос

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.