Үерийн улмаас гэмтсэн төмөр замын 8 цэгийн тавыг нь засч, хөдөлгөөнийг нээжээ

Twitter Print
2020 оны 06-р сар 22-нд 14:42 цагт
Мэдээний зураг,

Төв аймгийн нутагт өчигдөр хүчтэй аадар бороо орж, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр Улаанбаатар-Багахангай-Чойрын хоорондох төмөр замын 547-559 дахь км-ын 8 цэг үерийн усанд автсныг сэргээн босгож байна.

Энэ талаар УБТЗ-ын Тээврийн хяналтын албаны дарга Н.Адьяаг "6 дугаар сарын 21-ний буюу өчигдөр 16 цагийн үед Төв аймгийн Зуунмод, Алтанбулаг, Баян сумын нутгаар 15 минут орчим хүчтэй аадар бороо, мөндөр орсон. Байгалийн энэ давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр УБТЗ-ын гол төмөр замын Агуйт, Наран-Элгэн, Оорцог-Энгэр зөрлөгүүдийн хооронд, нийт 53 км хэсгийн 8 цэгт үерийн ус төмөр замыг давж ул шороо замыг угааж, хиймэл төхөөрөмж болон гүүр хоолойг гэмтээж эвдрээд байна. Одоогоор 3 цэгийн замыг засаж хэвийн болгон хөдөлгөөнийг нээгээд байна. Үлдэх 5 цэг нэлээд гэмтэлтэй байна" гэв. 

Төмөр зам болон гүүрийг сэргээн босгох ажил өчигдөр оройноос эхлэсэн бөгөөд нийт 500 гаруй хүн, 44 техниктэй ажиллаж байна. Үүнээс төмөр замын 461 ажилчин эвдэрсэн цэгүүдийг сэргээн босгохоор ажиллаж байгаа аж.

Зам угаагдсан газраар явах боломжгүй болсон учир Замын-Үүдээс өчигдөр орой гарсан суудлын 275-р галт тэрэгний 164 зорчигчийг Чойр өртөөнөөс Улаанбаатар хот хүртэл том оврын 4 автобус гарган ямар нэг төвөг чирэгдэлгүй тээвэрлэн өнөө өглөө Улаанбаатар төв буудалд цагт нь авчирсан байна. 

Өнөөдрийн байдлаар төмөр замын цэгүүдийг сэргээн босгох ажилд туслахаар харилцагч байгууллага, ААН-үүдийн 40 гаруй техник нэмж иржээ. Тиймээс сэргээн босгох ажил эрчимтэй явагдаж байгаа аж.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.