Хөвгүүд уйлж болохгүй гэж үү

Twitter Print
2023 оны 05-р сар 11-нд 13:58 цагт
Мэдээний зураг,

Бид охидыг хайрладаг, бүсгүйчүүдийг хүндэлдэг ХҮНЛЭГ эр хүнийг нэхдэг хэрнээ, хөвгүүдээ мэдээ орох цагаас нь л айж, өвдөж байгаагаа болон хэн нэгний тусламж хэрэгтэйг илэрхийлж уйлж гомдоллох эрхийг нь ЭР ХҮН БАЙЖ УЙЛЛАА, ЭР ХҮН БАЙЖ ГОНГИНОЛОО хэмээн хязгаарлаж сэтгэл хөдлөлгүй, хиймэл сэтгэлтэнг бий болгож байна.

Ялангуяа ирээдүйн хиймэл оюунтнуудтай мөр зэрэгцэн орших хүүхдүүдээ багаас нь сэтгэл хөдлөлөө бүрэн илэрхийлэх боломжтой өсгөе. Уйлмаар байгааг нь уйлуул, гуньмаар байгаа нь гуниглаг, гомдол хэлж байвал тайван сонс. Бүх хүн тэвчиж биш бусадтай бодлоо хуваалцаж тайвширдаг. Уйлах, гуних, баярлах ер нь ямар ч сэтгэл хөдлөл хүйс ялгадаггүй. Харин та, тэр мэдрэмжийг нь хуваалцан тайвруулж хэцүү үедээ яах хэрэгтэйг ярилцаж байгаарай.

Мөн охидын ягаан өнгө, хөвгүүдийн цэнхэр өнгө, эм эр хүний хийх ажил, мэргэжил гэж туйлшрах нь ирээдүйд хүүхэд өөрийн чадах зүйл, дуртай зүйлээ илэрхийлэх, авьяасаа нээх гэх мэт олон зүйлст сөргөөр нөлөөлнө. Хөвгүүд нь охидтой тоглодог бол тоглог л дээ. Багаасаа эсрэг хүйсний хүүхэдтэйгээ тоглож, нөхөрлөж өссөн хүүхэд том болоод аливаа асуудлыг шийдэх, бусадтай харилцахдаа илүү чадварлаг болох нь элбэг. Мөн охидтой тоглож өссөн хөвгүүд том болоод тэднийг сайн ойлгодог, эмэгтэйчүүдэд хүндэтгэлтэй ханддаг болдог.

Мөн хүүхдийн эсрэг хүйстнээ сонсох, танихад гэр бүлийн тэнцвэртэй, эрүүл, АМЬД харилцаа чухал нөлөөтэй. Охид аавын хайраар хэмжээлж ирээдүйн эр нөхрөө тодорхойлдог бол хөвгүүд ээжийн халамжаар эхнэрээ баримжаалан аз жаргалтай амьдарч чаддаг. Өөрөө гунихыг, уйлахыг мэддэг зүрх сэтгэл бусдын уйлж гомдоллож буйг мэдэрч ойлгож тайвшруулж чадна. ХӨВГҮҮД УЙЛЖ БОЛНО. Сэтгэл хөдлөлд хүйсийн ялгаа гэж байхгүй.

Г. Төмөрзаяа

"Хөөрхөн шар шувуу" сургалт судалгааны төвийн багш

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.