Туйлын аз жаргал бол сэтгэлийн амар амгалан

Twitter Print
2021 оны 02-р сар 24-нд 16:06 цагт
Мэдээний зураг,

Аз жаргалын үндэс нь хайр, эелдэг дотно сэтгэл, энэрэн нигүүлсэх, асран хайрлах сэтгэлд байдаг. Тиймээс бид бүгдээрээ л аз жаргалтай байх бүрэн боломжтой.

Нэг ёсондоо хүн төрөлхтөн нийтээрээ төрөлхийн аз жаргалыг хүсэж, зовлонг хүсдэггүй бөгөөд үүний улмаас цаг үргэлж аз жаргалд хүрэх арга замыг эрэлхийлж байдаг. Гэтэл өнөө бид туйлын аз жаргалыг зөвхөн гадаад материаллаг зүйлс болон бусад олон элдэв зүйлсээс олох юм шиг санаж багагүй цаг хугацаа, хүч хөдөлмөрөө үрсээр байна.

Эдийн засгийн өндөр хөгжилд аль хэдийнээ хүрсэн олон улс орон байгаа боловч тэрхүү улсын ихэнх хүмүүс нь аз жаргалгүй амьдарлыг туулсаар. Чамин тансаг бүхний цаана сэтгэл санааны тавгүй байдал, айдас түгшүүр, стресс, харилцан нэг нэгнээ хууран мэхлэх, үзэн ядах явдал нуугдаж бүр эцэстээ эд материалаас болж өөрийн амиа егүүтгэх, бусдыг егүүтгэн хөнөөх зэрэг аймшигт хэргүүд ар араасаа цуварсаар байна. Тиймээс эд баялаг нь бидний хүсэн хүлээдэг аз жаргалын үндэс болоход учир дутагдалтай. Хэдий ийм боловч эд хөрөнгийг зөв зохистой хэрэглэх буюу бусдад зориулж чадсан тохиолдолд эд баялаг нь аз жаргалтай амьдралд хүрэхэд нөлөөлдөг нэмэлт хүчин зүйлсийн дотор багтаж болох юм.

Тэгвэл бид аз жаргалд хүрэхийн тулд яах ёстой вэ? туйлын аз жаргал бол дотоод сэтгэлийн тогтвортой байдал. Тиймээс юуны түрүүнд бид өөрсдийн дотоод сэтгэлээ таньж, ухамсарлах явдал хамгаас чухал юм. Үүний тулд бидний өдөр тутмын амьдралд тохиолддог гадна, дотны олон шалтгаанаас үүдсэн хэрэгтэй, хэрэггүй сэтгэлийн олон хөдөлгөөнийг үнэн зөвөөр нь тодорхойлж сурах хэрэгцээ шаардлага гарч ирнэ.

Та уурлаж бухимдах үедээ “энэ сэтгэлийн хөдлөл нь надад болон орчин тойрныхонд минь хэрэгтэй юу, үгүй юу” гэдгийг тунгаах бодох гэж үзээрэй. Бид сэтгэлийн хэрэггүй буюу сөрөг хөдөлгөөнийг таньж мэдсэнээр өөртөө болон бусдад ямар хор хөнөөл тарьж болохыг ухамсарлаж, дахиж сөрөг сэтгэлийн хөдөлгөөнд автахгүй байх сууриа тавьж болно. Үүний нөгөө талд сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөө давахын тулд өөрийнхөө эерэг сэтгэхүйг хөгжүүлэх нь бас чухал болж байгаа юм. Ингэснээр туйлын аз жаргал руу тэмүүлэх алхам эхэлж байна гэсэн үг.

Товчхондоо бол уур уцаар, хүсэл шунал, атаа хорсол, үзэн ядалт тэргүүтэй сэтгэлийн сөрөг хөдөлгөөн нь биднийг тайван бус байдалд оруулдаг хүчтэй илрэл мөн тул сэтгэлийг тогтворгүй байдалд хүргэдэг ба асран хайрлах, энэрэн нигүүлсэх тэргүүтэй сэтгэлийн эерэг хөдөлгөөнөөс гагцхүү амар амгалан бий болдгоороо энэ нь сэтгэлийн тогтвортой байдалд хүргэх хүчин чадал болдог билээ. Тиймээс бид гадаад, материаллаг эд зүйлсийг тус бүрчлэн нарийн шинжилж судалдаг шиг өөрийн дотоод сэтгэлийн төлөв байдлаа таних гэж эрмэлзэх нь аз жаргал руу, сэтгэлийн амар амгалан руу хөтлөгч болох нь зайлшгүй.

buddha.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.