АН-ын цагаан сүлд Э.Бат-Үүл сонгуульд өрсөлдөж байна. Найдваргүй, нөхөн сонгуульд

Twitter Print
2021 оны 10-р сар 08-нд 14:42 цагт
Мэдээний зураг,

АН-ын цагаан сүлд Э.Бат-Үүл сонгуульд өрсөлдөж байна. Найдваргүй, нөхөн сонгуульд.

Тэр энэ нийгмийг авчирсан хүн. Ийм сонгууль хийдэг нийгмийг. Тэр хувьсгалч. Одоо улстөрч болох гээд байгаа ч юм шиг. Яахаараа парламентад нэг бус сонгогдсон, нийслэл удирдсан хүн улстөрч болоогүй байдаг юм гэж үү?

Тэр зүгээр л хувьсгалч. Романтизмдаа л автаж явдаг хүн. Хотыг ч гэсэн тэр романтизмаараа удирдаад... цэцэг мэцэг ч тарьж байх шиг. Тэр романтизм нь дараагийн сонгуульд нь намыг нь унагаад... Ийм хувьсгалчид гал руу ороод, үнс болтлоо шатаад ахин төрдөг “Феникс” шиг яваад дуусдаг. Харин хувьсгалчаар удирдуулсан нам яг ийм хүмүүсийг дагаж шатаад ахиж сэхдэггүй. Учир нь романтикаар дүүрсэн улстөрийн хөдөлгөөнөөс огт өөр прагматикаар дүүрсэн намд тийм “сүнс, сүлд” байдаггүй юм. Үүл амилна, нам нь хэцүү. Тиймээс Үүлэн сүүдэр дорх нам гэж ёгтолж байв.

Тэр хотыг удирдаж байхдаа зам тавьсан, уулын замаар, зуслангийн замаар явах тоолонд Үүлийн хийсэн юм гэж бүгд л мэддэг. Яармаг руу тэр гүүрийг тавиагүй бол яармагийн дэнжээс Айдсын даваа хүртэл сүндэрлэж буй “шинэ хот босохгүй” байв. Тэр Засаг лугаа мөчөөрхөж, талбайн хажуугаас салахгүй хотын захиргааг ховхолж, холдуулахыг санаачилсан. Засагт бус иргэнд ойр байх гэж тэр. Тэр бугшиж, хурсан хотыг задалсан. Тэлсэн. Сүхбаатарын талбайг Их эзний нэрэмжит болгож, гэр хорооллын гудамжийг гэрэлтүүлсэн. Анжела Меркель АСЕМ-аар ирээд захын хорооллын гэрлийг хараад “Тэнд ямар хүмүүс байдаг вэ?” гэж асуусан гэдэг. “Аан, тэнд хувьдаа газартай иргэд амьдардаг юм аа!” гэхэд “Танай хотын баячуул нь олон юм” гэж хариулсан гэдэг. Герман сэтгэлгээгээр газартай хүн баян, Берлиний баячуул Шпрее голын эргээр “хашаа, байшинд” амьдардаг юм л даа! Э.Бат-Үүл огт өөр хотыг мөрөөдсөн, гэхдээ удаагүй...

Яасан гэхээр өнөө л гэнэн романтикаар “Би ийм их ажил хийсэн, бид ялна. Ард түмэн баярлаж байгаа, УИХ-ын сонгуулийг, хотынхтой хамт хийе, би чирээд гарна” гэсэн. Ард түмэн ажил хийсэн хүнд санал өгдөггүй юм л даа! Ажил их, амжилт өндөр байх тусам шүүмжийн сүүдэр өтгөн бөгөөд том байдаг.

Нам нь хиар цохиулж, “Үүл тэнэг, Үүл новш“ гэж хараагаад тарсан даа! Тэр огт муу юм бодоогүй, муу санаагүй, дараа нь Ерөнхий сайд майд больё гээгүй, хийсэн ажлаа ард түмнээрээ магтуулах гэсэн гэнэн цагаан толгойт. Гэвч гэмгүй цайлган түүнд л прагматик бэртэгчид түмэн буруугаа наагаад өөрсдөө гэмгүй царайлаад явчихсан. Тэд идэж ууж, хуйвалдаж, засгаа сольж, нэгнээ дэгээдэж, улсаа зарж, Риогийн шалыг угааж, хүүхдийнх нь хичээлийг давтуулж, Хятадын Монгол гэж бүртгүүлээгүй бол өөр байсан юм.

Тиймээс Үүлийг дагаж болдоггүй байхгүй юу! Тэр хувьсгалч төрсөн, хувьсгалчаараа л үхнэ. Наана нь дагаад үхчихээр босохгүй ээ, бэртэгчид ээ! МАН-ын байшин шатаад нам нь үлдээд байдаг, АН-ын нам нь шатаад байр нь... шатаалгах байр ч үгүй юм даа!

Э.Бат-Үүл туг болохоос тугч биш. Туг өндөрт дэрвэдэг, тугч газарт алхдаг. Тэр намаа шатаасан, өөрөө шатсан, тэгээд ахиад л дэвшиж байна. Түүнд цагаан толгойноос өөр имиж байхгүй, гэтэл улстөр имиж дээр явдаг. Яагаад гэвэл тэр шатаад, өөр болж амилаад явсан байхгүй юу. Тэр туг учраас түүнийг хэн нэгэн тугч барьж яваа гэж бүгд бодоод байгаа юм. Энэ түүний сул тал.

Э.Бат-Үүлийг Эбэгийн Бат-Үүл, эсвэл Эрдэнээгийн (аав нь биш) Бат-Үүл гэж цоллохоор цаана нь нэг тийм хорон санаат тугчийн дүр бий болдог. Тэр тугч нь нуувчиндаа хэвтээд Үүлээр даллаад байгаа юм шиг санагддаг. Гэтэл Үүл өөрөө мандаж байх дуртай, бадарч байх хувьтай төрсөн хүн санж. Бас Эрдэнэ нэртэй, эрдэнэ мэт аавын хүү!

Гэхдээ тэр тугчаасаа салсан. Баатарын тэмдгээ намынхаа туганд хадчихсан. Баатар бол “цол”. Харин тэр цолыг нь батлах тэмдэг зүүдэг. Тэмдэгтэй тэмдэггүй тэр баатар л даа, энэ нийгмийг авчиралцсан учраас. Тэр тэмдэгээ өгчихсөн. Цол нь үлдсэн. Цол нь тэмдэгээ дагаад явчихдаг эд биш л дээ, тэмдэгтэй тэмдэггүй зохисон хүндээ л хоргоддог “сүлд” байгаа юм.

АН хоёр хуваагдсан. Хуваагдсан намаас тэр дундаа нэр хүнд муутай талаас нь дэвшиж байна. “Би намаа бодоод дэвшихээр шийдлээ” гээд явж орсон доо, өгөр толгой! Ямар боловч тэр бэртэгчин биш нь үүгээрээ нотлогдоно. Басхүү дотроо энэ нийгмийг авчиралцсан хүний хувьд яаж ийгээд гар бие оролцон засах ёстой гэсэн эрмэлзэл дотроо агуулж явдаг нь үе үе илэрдэг, тиймдээ ч өмнөх унагалцсан нийгмийн үеэс ч олон дайсантай болчихсон мэт.

Тийм ч учраас улстөрч биш, улстөрч хүн бол хамгийн найдвартай газраас, хамгийн сайн санхүүгийн нөөцөн дээр, хамгийн сайн нэр хүндийн оргил дээрээс дэвшдэг. Гэтэл тэр ухаан суувал суухаар насан дээрээ хамгийн муу байрлалаас, хамгийн муу санхүүгийн нөөцөнд тулгуурлаж, хамгийн муу нэр хүндтэй дэвшиж байна. Тэгтэл нөгөөдүүл нь тугаа Сонгинын довон дээр аваачиж шаачихаад хаяад явчихаа сийхгүй. Сайн муугаар дуудаж, салга саарлаар шоолдог ч үнэнч хэдэн нөхөд нь үйлээ үзэж байгаа биз? Ийм болохоор нь өрөвдөөд, хайрлаад байдаг юм аа, тэр Ахыг...

Хаяхгүй гээд яах юм, Эрдэнээ өнгөрсөн сонгуулиудаар телевизүүдэд хэдэн арван саяын өр тавьчихаад бултчихсан, нөгөөдүүл нь юун Үүлийн мэдээ цацах, нэмээд сөрөг мэдээллээр алчихгүй байвал их юм. Эрхбиш Үүл болохоор хүндэтгээд чимээгүй байгаа хэрэг. Тэгэхээр дайнаар бол давшиж байгаа цэргүүд нь агаарын дэмжлэггүй хяргуулна гэсэн үг!

Хувьсгал чинь сүйрлээ, коммунистууд засаглалаа, коммунистууд нь бараг Умард солонгосын удирдагч гэр бүл аятай угсаа залгамжилж дэвшээд, арми нь яруу алдарт ойгоо тэмдэглээгүй байхад цагдаа нар нь генерал цолтой өвчигнөж, жагсагчдыг баричвилдаг, коммунист дарангуйлагчийг ардчилсан шүүх цагаатгадаг болчихсон нийгэмд тэр дэвшиж байна. Тэгээд “Чиний л авчирсан нийгэм” гэж хараалгаж яваа... Энэ цагаан толгойт араасаа асар их хар чиргүүлтэй зүтгэж яваа юм. Бүх муу муухайг түүнтэй л холбоно, яагаад гэвэл тэр энэ нийгмийг авчирсан юм гэж ойлгодог сонгогчдыг дунд...

Түүнээс ухаантай прагматик хүн бол айгаад дэвшихгүй. Э.Бат-Үүл учраас л дэвшиж байгаа юм. Сонгогчид нь Бат-Үүлд нь биш, Бат-Үүлийн хувьсгалд нь дүн тавина. Гэхдээ бас Батшугарын аавд нь дүн тавина. Ялгаатай нь Э.Бат-Үүл хуваагдагч, бусад нь хуваагчид...

Эрдэнэ баавай нэгэнтээ “Энхбаяр бол алсын бодолтой хүн биш, алсын шуналтай хүн” гэж хэлсэн байдаг. Нээрээ тэр үг нь биеллээ олж, хүү нь МАН-аас дэвшиж байна. Муулаад яах вэ, ийм л нийгэм.

Гэхдээ энэ төдийлөн ач холбогдолтой биш нөхөн сонгуульд Э.Бат-Үүл ялбал ач холбогдолтой болох гээд байгаа юм. Энэ түүний бие хүний хүч чадал. Олонх намд тэр прагматик, эрдэмтэй хүн нь хэрэгтэй байдаг юм байгаа биз. Цөөнх болсон намд “хувьсгалч” л хэрэгтэй. Тэр тусмаа энэ үед ийм хувьсгалч хэрэгтэй. Тиймээс би “долоож” байгаа юм.

Хувьсгалчийн нас уртсах тусам сүүдэр нь уртасдаг. Тэгээд сүүдрээ дараад унахад гэгээнтэн болдог... Европынхон л цагаан дарцгийг хэлэлцээрийн бэлгэдэл болгодог, харин Монголчууд цагаан тугийг төрийн бэлгэдэл болгодог. Тун дарцаг хоёр их ээ ялгаатай...

Нийтлэлч А.Баатархуяг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.