Беларусьт энэ даваа гарагаас эхлэн бүх нийтийн суулт эхэлнэ

Twitter Print
2020 оны 10-р сар 26-нд 09:12 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн ням гарагт Беларусийн нийслэл Минскт Ерөнхийлөгч Александр Лукашенког эсэргүүцсэн олон мянган иргэдийн жагсаал болж өнгөрсөн байна.

Ням гарагийн өглөөнөөс эхлэн эрх баригчид Минск хот өндөржүүлсэн бэлэн байдал зарлан, хотын төв рүү цэргүүд болон цэргийн тусгай машин техникүүдийн байршуулж, метроны 12 буудлыг хаасан байна. Гэрчүүдийн ярьж байгаагаар хууль сахиулагчид жагсагчдын эсрэг резинэн сум, гэрэлт дуут гранат ашиглаж байсан ба үүний улмаас хэд хэдэн иргэд шархджээ.

Беларусийн цагдаагийн газрын зүгээс дээрх тусгай хэрэгслийг жагсагчдын хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоохын тулд ашигласан хэмээн мэдэгдээд байна. Өнөөдөр Беларусийн сөрөг хүчний удирдагчдын нэг, Ерөнхийлөгчийн сонгуульд А. Лукашенкотой өрсөлдсөн Светлана Тихановскаягийн тавьсан шаардлагын хугацаа дуусч байгаа аж. Тэрээр Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенког энэ сарын 26-наас өмнө албан тушаалаасаа огцорч, жагсагчдын эсрэг хүч хэрэглэхийг зогсоож, улс төрийн хилс хэргээр хоригдож байгаа иргэдийг суллахыг шаардсан юм. Түүний шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд иргэд бүх нийтийн суулт зарлаж, замуудыг хааж, төрийн байгууллагуудаар үйлчлүүлэхээ больж, банкнуудаас хадгаламжаа татах болно хэмээн анхааруулсан байна.

Тэрээр өнөөдөр өөрийн Telegram цахим хуудсаараа дамжуулан Беларусь даяар үндэсний хэмжээний суулт зарлаж буй талаар бичсэн байна. Өнгөрсөн 8-р сарын 9-нд Беларусьт болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэд, сөрөг хүчнийхэн А. Лукашенког албан тушаалаасаа огцрохыг шаардан 11 долоо хоногийн турш жагсаал цуглаан зохион байгуулж байгаа билээ. Эрх баригчдын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн үр гарснаас хойш нийт 15 мянга орчим иргэдийг баривчилсан ба одоогийн байдлаар дийлэнхийг нь суллаад байгаа аж.

Хууль сахиулагчид Беларусийн сөрөг хүчний томоохон төлөөллүүдийн заримыг нь баривчилж, заримыг нь Беларусаас албадан гаргаад байгаа юм. НҮБ-ын хүний эрхийн зөвлөлөөс өнгөрсөн сард мэдээлснээр Беларусийн хууль сахиулагчид жагсаал цуглааны үеэр хэдэн мянган хүнийг хэрцгийгээр зодсон мөн саатуулагдсан иргэдийг тамлан зовоосон 500 гаруй тохиолдол бүртгэгджээ.

АНУ, Европын холбоо, Их Британи, Канад зэрэг улс орнууд Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг луйвардахад оролцсон мөн хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн Беларусийн эрх баригчдад хилийн хориг тавьж, хөрөнгийг нь царцаах арга хэмжээ аваад байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.