Алтан говийн минь уянга хөглөсөн АНАНДЫН БАЙГАЛМАА

Twitter Print
2020 оны 08-р сар 19-нд 08:41 цагт
Мэдээний зураг,

Нилээн хэдэн жилийн өмнө юмсан. Сонинд гарсан залуу яруу найрагчдын шүлгийг уншиж байтал А.Байгалмаа гэсэн нэр анх тааралдаж билээ. “Дорноговийн“ гэж тодотгосон байв. Гурван шүлэг байвуу даа, тэнд бичигдсэн шүлгүүдээс илт тасархай, манай нэрт яруу найрагчдын бүтээлүүдтэй өрсөлдөж очмоор шүлгүүдийг нь уншиж, бахархаж байсансан.

Манай Догшин ноён Хутагтын нутгаас олон сайхан авъяастан төрж гарсан. Тэр дундаас одоо эмэгтэй яруу найрагч цахиур хагалах нь дээ хэмээн ярьж, бичиж байснаа эргэн саналаа. Төд удалгүй Анандын Байгалмаа гэсэн нэр сонин хэвлэл болгоны хуудсыг мялааж, миний төдийгүй алтан говийнхон маань шүтэн биширдэг уянга найргийн дээжис болсон.Та нар санаж байгаа байх. “Санасан шүү чамайгаа” шүлгэнд нь Монгол улсын ардын жүжигчин А.Энхтайван ая хийж, нэгэн үе хит болон дуулагдаж билээ.

            ... Салаа хоёр замыг хэрэн байж санасансан

            Сайхан сайхан дурсамжаа бодон байж санасансан гэж эхлэдэг энэ дуу

            Санасан шүү чамайгаа,

            Санахын дээдээр санасан шүү гэсэн дахилтуудтай.

Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч А.Энхтайваны уран бүтээлийн тоглолт ч “Санасан шүү чамайгаа” дуугаар “амилна” билээ. Тэгээд л А.Байгалмаа маань уянгаар урсаж, ухаарлаар бид бүхнийгээ баясгасандаа. ”Эрхсийн салхи” ,“Бурхан нуусан нүд” гэхчлэн яруу найргийн ном хэвлүүлж “Гэгээн сонор” дуу, яруу найргийн цомог гаргаад байгаа. Тэрээр Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртэж, хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан болсон. Өнөөдөр Анандын Байгалмаа маань Дорноговь аймгийн Сайншанд хотын төв номын сангийн нэгэн өрөөнд их “судран далай”-н дунд сууж байгаа. Хайрт ээж С.Содномынхоо гэгээн дурсгалд зориулан энэ онд шинэ шүлгийн түүврээ “тунамал өглөг” нэртэйгээр хэвлүүлж, Монгол улсын төрийн соёрхолт ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Балжирын Догмид “ном мялаах үг” бичсэн байна. Энэ номын онцлог нь бүх шүлгийг кирилл, хуучин Монгол бичгээр хамтатгажээ. Цахим монгол бичгийг нь Монголын зохиолчдын “хан хурмаст” төвийн 

Б.Догмид, яруу найрагч А.Байгалмаагийнхаа шинэ номыг мялаахдаа: “Цаг улирч, сэрүү унан, сэтгэл будангуйравч Байгалмаагийн яруу найргийн цэцэрлэгт хүрээлэнгийн навч цэцэгс гандашгүй билээ. Учир юун хэмээвээс тэр бурханы хишиг зүрх сэтгэлийнхээ хураар тэрхүү цэцэгсийг услаж ургуулан, урлаж шагшин бичдэг учраас түүний бүтээл бороо орж, нар гарч, ногоо ургахын адил байгаль дэлхийтэй хүйн холбоотой билээ...” гэж.

А.Байгалмаагийн  уран бүтээлд гурван амин эрдэнэ оршдог. Нэг нь эх орон газар шороо. Нөгөө нь аав ээж. Гурав дахь нь хань ижил, үр хүүхэд. “Тунамал өглөг” номондоо энэ гурван эрдэнээ ямар сайхан багтааж амирлуулав аа! “Газраас тэнгэрт өргөх үг” хэмээх, эх орон газар нутгийнхаа тухай яруу сайхан шүлгээр номоо эхлэж, “Эх орноороо их дутлаа”, “Эх орноо би их санасан”, “Миний нутгийн эс ширхэг бүхэн нэртэй”, “Сайхандулаан сум” зэрэг эх орон нутаг усныхаа тухай олон сайхан шүлэг бичсэн байна. Харь газар явахдаа юугаарч дутсангүй, харин эх орноороо л их дутаж гэнэ.

            ... Төрийн сүлд минь эгшиглэхгүй газарт

            Төөрснөөс өөрцгүй сэтгэл минь ганцаардаж

            Эх орноороо би их дутсан

            Эвийн хоёр загас салсан мэт дутсан

            Тээр холын газраас нутгаараа их дутсан

            Тэнгэр газар хоёрын нэг нь, үгүй юм шиг дутсан... гэж байхад

“Эх орноо би их санасан” шүлэгтээ

            ... Эгэлгүй холын газраас их бэтгэрч үзсэн

            Эх орноо би их санаж үзсэн

            Үсний минь ширхэг бүхэнд шингэсэн

Үнэр нь гээгдэх бүрийд тарчилж үзсэн... гэжээ.

Бас “миний нутгийн эс ширхэг бүхэн нэртэй” гэсэн шүлэг бий. Эх орноо Монгол хүн яаж хайрлан харамладагийг яруу тод илэрхийлсэн байдаг.

“... Миний нутгийн эс ширхэг бүхэн нэртэй

Мэдрэхүйн зургаан тоонд бүгд бүртгэлтэй

Бүлээн зүрхнийхээ лугших тоолонгоор

Бүтэн байлгах гэж эх нутагаа өмгөөлсөн

Өвгөд минь амиа тамгалж үлдээхдээ

Өлмийн төдий зай бүхнийг бүртгэж

Өөриймсэн сэтгэл зүрхээ шингээж

Өргөс, цэцэг бүхэнд нь нэр хайрласан...

... Нутгаас минь эрдэнэ бүү зөө!

Нулимсан нэхэлтэй амь, нүдээ цавчилгүй харж байгаа.

Миний нутгийн эс ширхэг бүхэн нэртэй” гэсэн шүлэг танд яруу тод сонсогдохоос гадна эх орноо хайрлаж харамлахын их ухаарлыг төрүүлж байгаа байх.

Би энэ шүлгийг уншиж байхдаа, газар нутгаа гадныхантай хамсан цөлмөж, худалдаж, хувиасаа бэлэглэж байгаа хүмүүс заавал уншаасай гэж бодож байлаа. Дорноговь аймгийн баруун талын хязгаар нутагт Сайхандулаан сум гэж сайхан сэтгэлтнүүдийн, сайхан авъяастнуудын өлгий нутаг бий. Тэр өсч төрсөн нутгаа:

“Дэлхийг үзэх гэж цочиж сэрэхэд минь

Дэрэн дээр бүүвэй аялуулсан их өлгий

Тэнтэр тунтархан алхаж өвдөг шороодоход

Тэвэр тэврээр ухаарал хайрласан түшиг... ” гэж бичсэн байгаа

Эх орон, газар нутгаа хайрлана гэдгийг үүнээс илүү яаж яруу тунгалаг хэлэх билээдээ.

А.Байгалмаа ард түмнээ магтан дуулсан, аав ээж, хань ижил, үр хүүхдээ хайрлаж энхрийлсэн олон дуу шүлэг бичсэн. Түрүүчийн номуудад нь олноор орсон боловч “Тунамал өглөг” номонд тунаж үлдсэн ямар сайхан шүлгүүд ороо вэ?! “Хань минь” шүлэгт нь ая хийгээд дуулагдаж байгаа.

“... Хослох зүрхний хайранд нэр нэрээ сүлэлдүүлж

Холыг туулах замд итгэл сэтгэлээ ижилсүүлж

Эгэл амьдралын тойрогт гал голомтоо бадрааж

Эвийн дөрвөн алгандаа үрсээ энхрийлж бүүвэйлсэн

Хоймор гэгээлэн суух хонгор үрийн минь аав

Хорвоог туулах замын түшиг болсон хань минь...” гэхчлэн энэ гурван бадаг дууг түгээмэл олноороо дуулж түрлэг нэмж байгаа, манай говийнхон.

А.Байгалмаагийн шүлгийн нэгээхэн хэсэг нь хайр сэтгэлийн дуулал, хорвоог танин мэдэхүйн учир жанцантай юм. “Би чиний зураач” гэсэн хөөрхөн шүлэг бий.

“.... Нүгэлтэй би харгалдан байж

Нүднээсээ би өмөөрөн байж зурлаа чамайгаа

Зөрүүд тавилантай эвлэрэн байж

Зөөврийн хоногуудад элэгдэн байж зурлаа чамайгаа

Уулзахдаа би ундран байж

Уйлахдаа би урсан байж зурдаг чамайгаа

Унтахдаа би зүүдлэн байж

Ухаан бодлоо цуглуулан байж чамайгаа би зурлаа

Билгүүн зул сэтгэлдээ мандаасан

Бийр янтайгүй ч би чиний зураач.

Ижилхэн, надтай хэн ч ингэж зурахгүй

Чамайгаа би зурдаг, чамайгаа би зурдаг... гэж

хайр сэтгэлийн аугаа их ухаарлыг энэнээс өөрөөр хэн нэгэн гаргаж чадна гэжүү?! А.Байгалмаагийн шүлгэн дунд залуу насны хайр сэтгэлийн сонин сайхан сэтгэмжүүд их бий. “Баяртай гэж өөртөө хэлсэн” гэж бачимдсан, гунисан сэтгэлийн их давалгаа дунд та төөрнө.

“... Хожимдсон учралын харууслаар нулимсаа залгиж үзээд

Холдсон тавилангийн жимээр зориг шулуудан алхаж

Өөрөө дотроо би баяртай гэж чанга хэлсэн

Өөр хэнч сонсоогүй зөвхөн танд зориулсан... гэсэн энгийн мөртөө элэг зүрх шимширүүлсэн мөрүүд урсдаг юм. Яруу найрагч А.Байгалмаагийн маань шүлгүүд дунд их бардам аястай, манай нутгийн хүүхнүүд ч ийм л сэтгэлийн их тэнхээтэй хүүхнүүддээ гэж бодогдохоор хурц дайчин шүлгүүд олон бий. Түүний нэг нь “хэзээний танил мэт” гэсэн шүлэг байгаа.

“... Орчлонгийн тохуурхсан зайд нь шүлэг тэрлэе.

Одод шоолж, сар ичингүйрхсэн ч хайрыг дуулъя.

Хайр гэрэлтсэн дулаахан харцнаас ямар шувуу нисэхийг

Халираагүй зүрхний хөгжимлөг цохилт яаж жиргэхийг

Хачин тунгалаг гэгээн итгэл яаж бадрахыг

Хол зөрүүгийн гачлан холбогдож яаж эвцэлдэхийг

Харалган хорвоод харуулж нэг дуулъя гэсэн юм

Хайрын ертөнцөд гайхуулж бас эгшиглэе гэсэн юм...” хэмээн шүлэглэсэн нь бий. Бас “Адгаж буцах цаг” гэж найман мөрт байгаа.

“:.. Анир дарсан хормыг амьсгалаараа хуваалаа.

Авч ирсэн зүйлээ аргадан хуваалаа

Адгаж буцах цагийг сэтгэлдээ хуваалаа

Амраг аалийн аялгууг аминчлан хуваалаа

Үрэл зандан шугуйд үлгэр хайлах мэт

Үг үгнийхээ шүүдрийг залгиж эрхэллээ

Үйл үйлийнхээ эрхээр үнэний хатууг чагталж

Үнэр танил чамайг үдэж үлдэн холдлоо...” гэж шүлэгч маань бичсэн байгаа.

Анандын Байгалмаа яруу найрагчийн “Тунамал өглөг” номонд ухаарлын шүлгүүд, сургаалийн өнгө аятай бадаг мөрүүд элбэг тохиолдоно. Түүнийг “Ижийгээ гомдоож болохгүй” шүлгээс нь олж харж болох байх.

“... Тэвчээргүй  унагаасан үгний чинь өргөс бүхнийг түүж

Тээглээ нь үгүй залгиж чадах

Тэнхлэгийн цагаан дэлхий ээж чинь шүү

Ижийгээ гомдоож болохгүй...” хэмээн ээжтэй бүх хүнд сургамжлан захисан ийм бадагууд хэнд ч гэсэн ухаарал өгөх нь дамжиггүй.

Ийм шүлэг асгаруулсан, говийн бор хүүхэн өнөөдөр Сайншанд хотын төвд номын их өргөөний хойморын сэнтийд сууж байгаа. Манай нутгийн хүүхнүүдийн ааш араншин бүрдсэн Анандын Байгалмааг маань хүмүүс янз янзаар л ярьдаг. “Энэ үнэт эрдэнэ хөдөө зэвэрчихлээ” гэх хүмүүс бий. ”Нутаг амьтай хүний бие сэтгэл нь энэдээ зохимжтой. Алтан говиосоо асгарч байх нь сайхан” гэх хүн ч байдаг л даа. Ямар ч байсан А.Байгалмаа  нь өсч төрсөн алтан говьдоо, өрмөг тармаг бэлчээртэй нутаг усаа дуулаад явж байгаа. Би унаган нутгийнхаа энэ бүсгүйг Монголдоо байтугай дэлхийн дээвэр доор яруу найраг хөглөн суугаа алдар суутнуудтай адилтгаж боддог хүн.

Эрхэм дүүгийн тархи зүрхнээс их л олон уянга дууны бадагууд ундран гарах байх хэмээн тэсэн ядан хүлээж суудаг хүний нэг нь нутгийн чинь буурал ах би билээ. Аян зам нь өлзийтэй, үйлс бүтээл нь ундарч байхын ерөөлийг дэвшүүлье, Байгалмаа дүү минь!

Г.ЖАМЬЯН

(Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч)

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.