Хүмүүс ээ, хотоо тойроод алхацгаавал яасан юм бэ?

Twitter Print
2020 оны 08-р сар 24-нд 10:14 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн хэдэн жил манай нийслэл хотын амьдралын хэв маяг, хэмнэл аргагүй л өөр болж. Тэрнийгээ дагаад ч нийслэлчүүдийн дийлэнх нь машинаасаа бараг буухаа больж. Өглөө гэрээсээ гарахдаа л машиндаа сууж аваад, төлөвлөлт тааруухан их хотынхоо түгжрэл дунд умбаж, хараал ерөөл тавьж, тунчиг их бухимдацгаан давхилдах болов.

Машинтай хүмүүс замын дагуух л юмыг харна уу гэхээс, өөр юугаа олж үзэх вэ. Тэгээд ч уурлаж уцаарлаж яваа болохоор олигтой юм нэгээхэн ч нүдэнд нь тусахгүй. Дандаа л болж бүтэхгүй зүйлс, яарсан дайрсан машин тэрэг, төмрөөр бүтсэн юм мэт явган хүмүүс...

Адал явдал хөөж, бултаж зугтаж, дайрах давших, ухрах довтлох сургуулилт хийж байгаа л аятай туж тэгж явна гэдэг, машин барьж яваа хүндээ ямар олигтой байх вэ. Хажууд нь сууж яваа хүмүүс ч гэлтгүйдээ, давхар тоормос гишгэж, атийж татийж явсаар, шөрмөс нь татчих шахсан хүмүүс хааяа бас бууж байгаа харагдаж л байдаг.

Энэ зуны хувьд, ажиллаж байгаа газар ч ховор, хамаг хүмүүс аялал зугаалгаар тал тал тийшээгээ гараад явчихсан, оюутан сурагчид ч сургуулийн бараа харалгүй жил тойрох шахсан, бороотой сэрүүхэн, үнэндээ манай нийслэл Улаанбаатар шиг сэлүүхэн, тэнүүхэн хот өнөөхөндөө алга л байна.

Ийм л байгаа дээр хэдүүлээ өглөө болгон гараад Улаанбаатар хотоороо тайвуухан алхацгаавал яасан юм бэ? Малчны хотонд очоод харвал, өглөө эртээ тэр айлын тэргүүн хороо хотоо тойроод алхаж байгаа харагддаг. Бидний багад ч тийм л байсан, одоо ч тийм л байгаа. Малчин тэр эр цаг нөхцөөсөндөө тэгж дэмий алхдаггүй. Хашаа хороо нь ямаршуухан байна, эвдэрсэн хэмхэрсэн юу байна, хонь мал нь хэвтэртээ хэр тавлаг байна, тамир муутай төлөг борлон хорооны мухарт дарагдчихаагүй байгаа гэх зэргийг ажсан шиг л алхаж явдаг.

Энэ хотын иргэн нь би гэлцдэг та бид бүгдээрээ өглөө гараад алхацгааж байя. Тэгэхдээ заавал нөгөө нэр нь ахадчихсан ганц цэцэрлэг хүрээлэн рүүгээ ч биш, хотоороо л явцгаая.

Хаана нь манай хот өрнөдийн маягтай байна, хаана нь азийн шинжээ хадгалав, хаагуур нь монгол төрхтэйгээ үлдэв, ямар ямар нэртэй гудамж, талбай бий болов, эзэн Чингисээ төрийнхөө ордны өмнө, их хотынхоо хойморт, их жанжин Д.Сүхбаатараа төв талбайнхаа голд нь залсан ард түмэн, зүүн баруун магнайд нь хэн хэн гэдэг суутныхаа хөшөө дурсгалыг цогцлоох вэ, Марко Пологийн хөшөө урд зам руугаа арай л шахчихаа юу даа гэх зэргээр ажсан шиг алхацгаая л даа.

Тэгж явахад шүүмжилмээр юм бас мундахгүй ээ. Дуурийн театрын хоёр муу арслан минь хамуурсан амьтан шиг хаа гуяагүй холцруутчихаж, аргагүй дээ, энэнийг гэж байгаа амьтан ямар байх биш; за энэ чинь юу болж байна вэ, дуурийн театр, соёлын төв өргөө хоёрын хоорондхи хамаг зайг нь хуу хаагаад хашаа барьчихсан байх чинь, энэнийг хотынхноос асуудаг хэрэг ээ; хөөрхий минь, хөөрхий минь зүлгээ хадах гэж ёстой зүдэрч дээ, өрвийсөн сөрвийсөн юм, ямар ч ногоог нь үлдээгээд байгаа юм бэ, ямрыг нь ч иргүй хайчаар сөргөөд хяргачихсан юм шиг тарлантуулчихсан юм бэ, толийтол нь тэгшхэн, зах ирмэгийг нь хүртэл жигдхэн хаддаг гайгүй сайн түрдэг ч юм уу, өөрөө явдаг хадуур авч өгье байз; энэ юу вэ ээ, төв цэцэрлэгтээ сүр дуулиантайхан барьсан ганц усан оргилуур бассейны минь ус нов ногооноор зунгааралдан эргэлдэж байх чинь, яаж байгаа энэ вэ, цэвцийсэн, цэв цэнхэр ус байх ёстой доо, засуулъя; манай хот чинь мод тарилаа л гэдэг, мод тайрлаа л гэдэг, гэтэл урдынхаар бол, пайзтай мод (tree tags) нэг ч алга байх юм, ямар төрөл зүйлийн, юу гэдэг мод вэ, хэзээ хаанаас суулгав, ямар дурсгалтай вэ, тэр бүхэн нь огт алга гэх зэргээр энэ хотын иргэн нь л юм бол хэдүүлээ ажсан шиг, шинжсэн шиг алхъя л даа, тэгээд хотынхоо ажил хариуцсан хүмүүст уламжилъя. “Манийгаа ингээд юм яриад, шаардаад эхлэхээр тэд минь ч ёстой л магнайгаа хагартал баярлана даа.” Өнөө өглөөний хувьд ийм л бодолтой байна.

Дараа дараачаар олуулаа, Сэлбээ өгсөж уруудан, Дунд голоо дагаж таширлан алхацгаая. Юу юу анзаарагдах нь вэ, харцгаая.

До.Чулуунбаатар 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.