Мики 20-р зууны хамгийн алдартай одуудын нэг байсааар байна

Twitter Print
2023 оны 05-р сар 15-нд 13:45 цагт
Мэдээний зураг,

1928 оны 05-р сарын 15-нд анх удаа дэлгэцэнд Мики нэртэй хулгана “Plane Crazy” нэртэй богино хэмжээний киноны туршилтаар гарч байж. Энэ кино олны анхаарлыг татаж, түмний хүртээл болж чадаагүй нь ноён Уолт продюссингийн хувьд алдаа гаргасных гэж үздэг юм байна.

Мики хулгана бол Уолт Дисней компаний сахиус болон гялалзах болсон хүнчилсэн /anthropomorphic/ хүүхэлдэйн киноны дүр юм. Түүнийг 1928 онд Ноён Ub Iwerks, Walt Disney нар бүтээсэн бөгөөд тэрээр ихэвчлэн улаан шорт, том шар гутал, цагаан бээлийтэй байдаг.

Түүний анх гарч ирсэн “Галзуу онгоц” нь амжилт олоогүй байхад дараагийн бүтээл болох The Gallopin' Gaucho-г мөн гаргасан байдаг. Ахиад л олигтой амжилт олсонгүй.

Харин түүний анхны амжилттай кино нь гуравдахь кино болох “Уурын онгоц Вилли” /Steamboat Willie/ юм. Хүмүүс ихэвчлэнэ энэ киног Микигийн эхний дүр гэж боддог. Тийм ч учраас Миккигийн төрсөн өдрийг уг кино анх дэлгэцэнд гарсан 1928 оны 11-р сарын 18-нд тэмдэглэдэг байна.

Микигийн кинонуудын туслах аниматораар Johnny Cannon, Les Clark, Wilfred Jackson, Dick Lundy нар байнга ажиллаж байсан бол түүний анхны дуу хоолойг Walt Disney өөрөө хийж байжээ. Түүнээс хойш Carl W. Stalling (1929), Jimmy MacDonald (1947–1977), Clarence Nash (1951–1952), Wayne Allwine (1977–2009), Les Perkins (1986–1987), Bret Iwan (2009-одоог хүртэл), Chris Diamantopoulos (2013–одоог хүртэл) нар Микигийн өмнөөс дуугарсан байна.

Уурын онгоц Вилли киноны үеэр одоо бидний хардаг Миккигийн дүр илүү тодорсон. Жишээлбэл түүний нүдний хар хэсэг хэт том байсныг жижигрүүлэх гэх мэт өөрчлөлтүүд хийгдсэн байна.

Микки нийтдээ 130 гаруй кинонд дүрээ мөнхөлсөн бөгөөд ихэнх нь богино хэмжээний хүүхэлдэй байсан боловч хэд хэдэн бүрэн хэмжээний кинотой. Түүний тоглосон арван кино Академийн шагналд нэр дэвшиж байснаас 1942 онд Lend a Paw кино нь Оскарын шагнал хүртсэн байна.

1978 онд түүний кино ертөнц тэр тусмаа хүүхэлдэйн киноны урлагт оруулсан гайхалтай хувь нэмрийг нь үнэлэн алдарт “Hollywood Walk of Frame”-д алдрын одыг нь байршуулжээ.

1930 оноос тэрээр комиксын дүрээр мөн олон түмэнд хүрчээ. Энэхүү цувралыг ноён Floyd Gottfredson ихэвчлэн зурж байсан бөгөөд бүтэн 45 жилийн турш үргэлжилсэн юм.

Түүний дүр орсон Дисней Италийн Тополинод, Mickey Mouse Mystery Magazine, Миккигийн ид шид гэх мэт бүрэн хэмжээний комикс номнууд гарч байсан. Мөн Мики Маусын клуб /The Mickey Mouse Club (1955-1996)/ болон бусад ТВ-ийн цуврал кинонууд ч түүнийх. Мэдээж тэр бол видео тоглоом, бэлэг дурсгалын худалдааны маш том брэндээс гадна Диснейлэндд таарч болох хамгийн гайхалтай дүрүүдийн нэг билээ.

Мики дангаараа од болон гялалзаагүй түүнд найз охин Мини Маус, тэжээвэр нохой Плуто, үй зайгүй найзууд болох Доналд Дак, Гууфи нараас гадна гол дайсан Пете бий.

Мики анхандаа зугаа цэнгээн хөөсөн, зальжин, бага зэрэг луйварчин зантай бүтэлгүй нэгэн байсан бол кино үргэлжлэх тусам сайхан сэтгэлтэй, үнэнч, эр зоригтой болон хүмүүжсээр ирсэн. Гэвч 2009 оноос Дисней нөхөрсөг, сайхан сэтгэлийг түр хойш тавиад зэвүүн, зөрүүд зантай Микиг дахин гаргаж ирсэн байдаг.

Одоогоор түүний сүүлчийн кино нь 2013 оны Get a Horse! байгаа бол ТВ-ийн Mickey and the Roadster Racers нь 2017 оноос өнөөг хүртэл үргэлжилж байна.

Сонирхолтой баримт: Германд Микигийн 1929 оны "Бернардын тулаан" киног гаргахыг хориглож байсан бөгөөд энэ кинонд Микигийн өмсөж байгаа дуулга нь 1-р дайнд Германчуудын өмсөж байсан дуулгатай ижил тул ялагдсан түүхийг сөхсөн гэж үзсэн. Сүүлд Гитлерийн засаг гарч ирээд бүүр “ирээдүйд гялалзах иргэдэд үзэл суртал суулгах амьтан нь хамгийн их бактери тээгч хулгана байж болохгүй” гэж хэлмэгдүүлсэн бол Румынд кино театрын дэлгэцэнд асар том хулгана гарах нь айдас хүйдэс төрүүлнэ хэмээгээд цензурдэж байсан байх юм. Түүнийг байнга хориглож байсан наци дэглэмийн томоохон төлөөлөгч Италийн дарангуйлагч Муссолинигийн хүүхдүүд Микид хайртай байсан тул Италийн нутагт Микигээс бусад бүх гадаад киног хориглож байсан ба удалгүй Германчууд Италийг эзэлснээр Мики ч мөн хаагдсан түүхтэй.

Түүний тухай юу ч гэж ярьсан Мики 20-р зууны хамгийн алдартай одуудын нэг байсааар байх юм. Тэрээр цаашид ч хэд наслан хүүхэд, багачуудын найз байхыг бид төсөөлөшгүй юм.

Гүндсамбуугийн Ариунчулуун

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.