
АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден Ерөнхийлөгчийн албан тушаал дахь эхний 100 хоногтоо багтаан 100 сая иргэний коронавирусын эсрэг вакцинд хамруулах зорилт тавьжээ.
Тэрээр Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсон эхний саруудад коронавирусын цар тахлыг зогсоож чадахгүй ч цар тахлыг хяналтандаа авах стратеги боловсруулж, хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдсэн байна. Ирэх 1-р сарын 20-нд Ерөнхийлөгчийн тангаргаа өгөх нэр дэвшигч Жо Байден өмнө нь хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр америкчуудыг 100 хоногийн турш амны хаалт зүүхийг уриалсан билээ.
Түүнчлэн сургуулиудын үйл ажиллагааг эхлүүлж, хүүхдүүдийг эргээд сургуульд нь явуулах нь чухал ач холбогдолтой гэдгийг онцолсон байна. АНУ-ын Хүнс болон Эмийн чанарын хяналтын агентлаг Америкийн Pfizer, Германы BioNTech компанитай хамтран бүтээсэн коронавирусын эсрэг вакциныг аюулгүй хэмээн үзсэн ба энэ пүрэв гарагт зөвшөөрлөө албан ёсоор гаргахаар төлөвлөжээ. Pfizer/BioNTech компаниудын коронавирусын эсрэг вакцин нь 2 тунтай ба эхний тун нь коронавирусын халдварын хүнд хэлбэрээс 89 хувийн үр дүнтэйгээр хамгаалж байгаа нь тогтоогдсон юм.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.