Энэтхэгт иргэдийг хөл хорионы үеэр гэрээсээ гарахыг хатуу хориглолоо

Twitter Print
2020 оны 03-р сар 25-нд 11:13 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди коронавирусын халдварын тархалтыг удаашруулахын тулд улс даяар 21 хоногийн хөл хорио тогтоолоо.

Телевизээр дамжуулан хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Нарендра Моди хөл хорионы үеэр иргэдийг гэрээсээ гарахыг хатуу хориглоно гэдгийг анхааруулжээ. Түүнчлэн хөл хорио тогтоож байгаатай холбоотойгоор иргэдийг айж сандрахгүй байхыг, олноороо цугларах нь коронавирусын халдварын тархалтыг нэмэгдүүлнэ хэмээн анхааруулсан ч нийслэл Дели, Мумбай зэрэг томоохон хотуудад иргэд дэлгүүр худалдааны төвүүд, эмийн сангуудын гадаа урт дараалал үүсгэжээ. Иргэд гурил, будаа, талх, жигнэмэг, ургамлын тос зэргийг ихээр худалдан авч эхэлсэн байна.

Хөл хорионы үеэр иргэдийг гэрээсээ гарахыг хатуу хориглосонтой холбоотойгоор засгийн газрын зүгээс иргэдийг хоол хүнсээр хангах ажлыг зохион байгуулна хэмээн мэдэгдээд байна Энэтхэгт өнгөрсөн өдрүүдэд коронавирусын халдвар авсан иргэдийн тоо хурдацтайгаар нэмэгдэж байгаа ба одоогийн байдлаар 1.3 тэрбум хүн амтай тус улсад коронавирусын халдвар авсан 519 тохиолдол, уг вирусын халдварын улмаас нас барсан 10 тохиолдол тус тус бүртгэгдээд байна. Ерөнхий сайд Нарендра Моди иргэдэд хандан, "Энэтхэгийг, Энэтхэгийн иргэн бүрийг, таныг, таны гэр бүлийг хамгаалахын тулд гудамж, дүүрэг болгонд бүхэлд нь хөл хорио тогтоож байна.

Coronavirus: India enters 'total lockdown' after spike in cases-н зурган илэрц

Хэрэв манай улс энэ 21 хоногт хариуцлагатай байж чадахгүй бол Энэтхэг улсын нөхцөл байдал 21 жилийн өмнөх байдалдаа очно." хэмээн онцолжээ. Уттар Прадеш мужийн Газиабад хотын гудамжнаа хууль сахиулагчид цагаан хоолойгоор иргэдийг гэр гэртээ байхыг анхааруулж байна. Хөл хорионы үеэр эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудаас бусад үйлчилгээний байгууллагууд ажиллахгүй ба их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиуд, иргэд олноор цугларах газрууд хаалттай хэвээр байх аж.

Түүнчлэн хөл хорионы үеийн журмыг зөрчсөн иргэнд 2 жил хүртэлх хугацаагаар хорих ял, өндөр торгууль ноогдуулахаар тусгажээ. Ерөнхий сайд Нарендра Моди Энэтхэгийн эрүүл мэндийн салбарт зориулж төсвөөс 2 тэрбум ам. доллар гаргаж буйгаа мэдэгдсэн ба иргэдийг худал хуурмаг мэдээ мэдээлэл түгээхгүй байж, хөл хорионы журмыг хариуцлагатайгаар дагахыг уриалжээ. Коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор Энэтхэг олон улсын болон дотоодын нислэгүүдээ зогсоогоод байсан ба галт тэрэгний үйлчилгээгээ хязгаарлаад байсан билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.