Монгол бахархал - Чөлөөт бөхийн Дэлхийн анхны болон анхны хошой аварга Зэвэгийн Ойдов

Twitter Print
2021 оны 01-р сар 10-нд 13:21 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Спортын гавьяат тамирчин З.Ойдов 1949 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг, “Азар” хэмээх газар мэндэлжээ.

Монголоо гэсэн, эх орноо гэсэн сэтгэлийнх нь үзүүрт ассан бяцхан оч, гал болон бадамлан асаж, тив дэлхийн дэвжээнд Эх орныхоо, Монгол эх орныхоо нэрийг цуурайтуулж явсан гавьяатан юм. Тухайн үеийн мянга мянган Монгол хүүхдүүдийн адил, Монгол ахуй, амьдрал дунд хонины бэлчээр, адууны захад өссөн түүний амьдрал шар дэвжээтэй хувь заяагаа холбож, хөлсөө дуслуулж эхэлсэн тэр цагаас хойш дэлхийн хүн болох эхлэл нь тавигджээ. З.Ойдов гуай 7 ангиа төгсөөд Баянхонгор аймгийн ТМС-д очин суралцах болсон нь түүний шар дэвжээтэй нөхөрлөх эхлэл нь байжээ.

Тэрээр Баянхонгор аймгийн чөлөөт бөхийн секцэнд Ц.Бямба багшийн удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэж эхэлжээ. Анхны амжилт нь 1967 оны Идэрчүүдийн аварга байсан бөгөөд 60кг-н жинд түрүүлж аваргын АЛТАН медаль хүртсэн нь түүний их амжилтынх нь эхлэл байсан юм. 1969 оноос Улсын шигшээ багт багтаж, тэмцээн уралдаан оролцож эхэлсэн. Тэрээр 1972-Мюнхен, 1976-Монерал, 1980-Москвагийн Олимпийн наадамд тус тус барилдсан бол ДАШТ-нд 7 удаа оролцсон. Зэвэг гуайн хүүхдүүдийн бас нэгэн сонирхолтой баримт бол ах дүү хоёр З.Ойдов, З.Дүвчин нар Москвагийн Олимпийн наадамд барилдаж, эхний 2 тойрогтоо ялсан байдаг. Ах дүү хоёр нэг Олимпийн дэвжээнд гарсан бас нэгэн ховор тохиох мөч юм.

З.Ойдов аваргын амжилтаас дурьдвал:

Олимпийн наадамд:

1976-Монералд 62 кг-н жинд “мөнгөн” медаль

ДАШТ-нд :

1974- Стамбулд 62 кг-н жинд “АЛТАН” медаль

1975-Минскт 62 кг-н жинд “АЛТАН” медаль

1977-Лозаннад 68 кг-н жинд “хүрэл” медаль тус тус хүртсэн.

Мөн үүнээс гадна 1970 оны “Найрамдал” ОУ-ын тэмцээний АЛТ, 1971 оны Дан Коловын нэрэмжит тэмцээний АЛТ, 1972 оны “Интернациональ” ОУ-ын тэмцээний АЛТ, 1973 оны Ах дүү армиудын АЛТ, Нөхөрлөл тэмцээний АЛТ, “Интернациональ” ОУ-ын тэмцээний АЛТ, Ази Тивийн аваргын АЛТ, 1974 оны Азийн наадмын мөнгө, Дан Колов ОУ-ын тэмцээний АЛТ, “Интенациональ” ОУ-ын тэмцээний АЛТ, Унгарын ОУ-ын тэмцээний хүрэл, 1975 оны Румын ОУ-н тэмцээний АЛТ, Германы ОУ-ын тэмцээний АЛТ, Польшийн ОУ-н тэмцээний мөнгө, 1976 оны “Интернациональ” ОУ-ын тэмцээний АЛТ, “Найрамдал” ОУ-ын тэмцээний АЛТ, Тбилисийн ОУ-ын тэмцээний мөнгө, Ах дүү армиудын тэмцээний АЛТ, 1977 оны Универсиадын АЛТ, “Найрамдал” ОУ-ын тэмцээний АЛТ, 1978 оны Азийн наадмын АЛТ, “Найрамдал” ОУ-ын тэмцээний АЛТ, ДАШТ-ний 4-р байр, 1979 оны “Найрамдал” ОУ-ын тэмцээний АЛТ, 1980 оны “Интернациональ” ОУ-ын тэмцээний АЛТ, Румын ОУ-ын тэмцээний АЛТ, Германы ОУ-ын тэмцээний АЛТ, Тбилисийн ОУ-ын тэмцээний АЛТАН медаль тус тус хүртсэн байна.

Дотоодын тэмцээнд 1971, 1979 оны МБАТ-ний Спартакиадын хошой АВАРГА, УАШТ-ний 6 удаагийн АВАРГА цол хүртсэн.

Мөн 1970 оны “Найрамдал” ОУ-ын тэмцээний уран барилдааны шагнал, 1975 оны Ази Африкийн орнуудын шилдэг бөхийн цом, Дэлхийн Бөхийн Төрлүүдийн Нэгдсэн Холбооны “Алтан од” одон, МҮОХ-ны “Алтан од”, “Алтан очир” зэрэг олон арван шагнал хүртсэн байна. Үүнээс гадна “ХХ зууны Монгол Улсын шилдэг тамирчин”-аар өргөмжилгдсөн эрхэм нэгэн юм.

З.Ойдов аварга бол Бөхийн Төрлүүдийн Нэгдсэн Холбоонд Монгол хүний нэрээр “Ойдов” хэмээх мэхийг бүртгүүлсэн бас нэг амжилтын эзэн юм. 2005 оны Унгар улсын нийслэл Будапешт хотноо болсон Бөхийн Төрлүүдийн Нэгдсэн Холбооны Их хурлаар “Ойдов” мэхийг хэлэлцэж 81 хүний 100%-н саналаар баталсан юм. Энэ бол дэлхийн бөхийн түүхэнд бөхийн бүх төрлүүдийн дотроос шинэ мэх зохиогдсон тул эзэнийх нь нэрээр нэрлэсэн анхны тохиолдол болсоноороо онцлог юм.

З.Ойдов аварга бол Олимпийн хүрэл медальт Ч.Дамдиншарав, ДАШТ-ний мөнгө хүрэл медальт Ц.Нацагдорж, Олимп, ДАШТ-н хүрэл медальт Д.Сэрээтэр, Олимпийн хүрэл медальт Т.Артаг, Олимпийн мөнгө, ДАШТ-ний хүрэл медальт Ж.Мөнхбат, Олимпийн мөнгө, ДАШТ-ний аварга Х.Баянмөнх, Олимпийн наадмын 6-р байрын шагналт, ДАШТ-н 5,6-р байрын шагналт, сонгомол барилдааны Ази Тивийн аварга Ө.Эрдэнэ-Очир нарын “АЛТАН ҮЕ”-г залган гарч ирж, О.Цэрэгдагва, С.Магсар зэрэг алдарт дасгалжуулачдаар удирдуулан Их Спортод тод мөрөө үлдээсэн байна.

Д.Дашбилэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.