Оросын дипломатууд төмөр замын түрдэг тэргээр хил нэвтэрчээ

Twitter Print
2021 оны 02-р сар 26-нд 13:55 цагт
Мэдээний зураг,

Хойд Солонгост ажиллаж байсан ОХУ-ын дипломатууд гэр бүлийнхнийхээ хамтаар эх орон руугаа буцахын тулд төмөр замын түрдэг тэрэг ашиглажээ.

Хойд Солонгосын хувьд коронавирусын цар тахлын улмаас хилээр орж, гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг бүрэн хориглосон байгаа ба эрх баригчид нь тус улсад коронавирусын халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй хэмээн мэдэгдээд байгаа юм. Коронавирусын цар тахал эхэлснээс хойш Хойд Солонгос улс хилээ хааж, гадаадын улс руу зорчих тээврийн хөдөлгөөнийг дийлэнхийг нь зогсоож, дотооддоо хөл хорио тогтоосон билээ.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны нийгмийн сүлжээн дэх албан ёсны хуудсанд, "Хойд Солонгосын хил жил гаруй хугацаанд хаалттай, зорчигч тээврийн хөдөлгөөн зогссон учраас эх нутагтаа ирэх зам урт бөгөөд хүнд байлаа." хэмээн бичсэн байна. Оросын дипломатууд гэр бүлийнхнийхээ хамтаар ОХУ-ын хил хүртэл Пхеньянаас галт тэргээр 32 цаг, автобусаар 2 цаг аялсан ба ачаа тээшээ төмөр замын түрдэг тэргэнд ачин, хилийн зурвасыг явганаар даван, эх орондоо иржээ. Оросын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр Хойд Солонгос дахь ОХУ-ын элчин сайдын яамны 3-р нарийн бичгийн дарга Владислав Сорокин түрдэг тэрэгний "мотор" нь болж, бусдыгаа ачаа тээшийнх нь хамтаар 1 км гаруй түрсэн аж.

ОХУ-ын хил дээр дипломатуудыг ар гэрийнх нь хамтаар Оросын Гадаад хэргийн яамны төлөөлөгчид угтан авсан ба Владивосток хотын нисэх онгоцны буудал руу автобусаар хүргэжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.