Хавар яагаад нозоордог вэ

Twitter Print
2023 оны 04-р сар 22-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

Хаврын улиралд хүний биеийн тамир сулрах, нозоорох, ажлын бүтээмж муудах зэрэг шинжүүд илэрдэг. Хаврын эхэнд сард нарны хүч ихэсч, сарны хүч суларч цаашлаад хаврын дунд сард нар сарны хүч тэнцдэг гэж билгийн тооллоор үздэг. Аргын тооллоор тайлбарлавал 12-р сарын 22 хамгийн богино өдөр, урт шөнө. Харин 12-р сарын 23-аас эхлэн нар наашилж өдөр уртасч, шөнө богиносч эхэлдэг. Ингээд 3-р сарын 22-нд өдөр шөнө тэнцэл өдөр тохиодог. Гараг эрхэсийн энэхүү өөрчлөлтийн нөлөөгөөр хүний бие махбодид дагаад өөрчлөлт гардаг.

Хүний бие дэх дотоод орчны дасан зохицол өөрчлөлтийг биоритм, циркадиан ритм (хоногийн хэмнэл) нэрээр физиологийн шинжлэх ухаанд судлан тайлбарладаг. Жишээлбэл, Хүний биеийн дулаан эрчим үүрийн 04 - 05 цагт хамгийн доод цэгтээ буусан байдаг ба харин оройн 18 - 19 цагийн үед биеийн дулаан эрчим дээд хэмжээндээ хүрсэн байдаг. Энэ хоногийн хэмнэлийг клиник жишээн дээр тайлбарлавал хүнд өвчтэй хүмүүс нас барах нь ихэвчлэн биеийн дулаан эрчим хамгийн доод хэмнэлд байх үүр шөнийн заагаар тохиолддог.

Артерийн даралтын хувьд өглөө 07 цагийн орчимд хэвийн хэмжээнээс бага байх мөртлөө орой 19 цагийн үед хэвийн хэмжээнээс ихэссэн байдаг. Энэ нь энгийн хүнд илэрч байдаг хоногийн хэмнэл хамааралтай эрүүл физиологийн өөрчлөлт юм. Эдгээр өөрчлөлтүүд нь байгалийн гэрлийн мэдрэмжээр зохицуулагддаг мелатонин, кортизол даавартай мөн холбогддог. Энэ хоёр даавар нь эсрэг хамааралтай.

Тархины боргоцой булчирхайгаас ялгарах нойрыг зохицуулдаг мелатонин даавар нь оройн 21 цагаас эхэлж ялгарч эхэлдэг ба 22 цаг гэхэд хүн унтаж амрах үед ялгарал нь улам нэмэгддэг байна. Энэ даавар нь бие мах бодийн өсөлт хөгжилтөнд нөлөөлдөг соматотропин дааврын ялгарлыг идэвхжүүлдэг. Өөрөөр хэлбэл 22 цаг гэхэд унтаж амрарснаар өдрийн стресс ачааллын кортизол дааврын хэмжээг бууруулах, өсөлтийн дааврын нөлөөгөөр хүүхдүүд өндөр болох, булчингийн хөгжил нэмэгдэх, илүүдэл өөх шатах зэрэг эерэг үр нөлөөтэй.

Харин уламжлалт анагаах ухаанд хаврын улиралд хүний биед хий арвиддаг тул зүрх өвдөх, хоол шингээлт муудах, нойргүйдэх, сэтгэл санаа тогтворгүй болох зэрэг шинж илэрнэ гэж гэж үздэг. Хавар болохоор сэтгэц мэдрэлийн өөрчлөлтэй хүмүүсийн хий солио шинж ихсэх, олон нийтийн санаа бодол тогтворгүй бол жагсаал цуглаан ихэсдэг нь хүний биеийн хий арвидсантай холбоотой. Иймд хаврын энэ улиралд сэтгэл санааг тогтвортой байлгахын тулд цэвэр агаарт гарах, хөнгөн эрчимтэй хөдөлгөөн хийж эхлэх, эрт унтаж эрт босох, хоолны хэмжээг багасгаж шим тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, аминдэм, эрдэсээ сайтар нөхөх зэрэг нь бид байгальдаа зохицон амьдрах үндэс ажээ. Байгалийн жамыг сөрж биш харин дасан зохицож амьдрах нь эрүүл мэндэд тустай.

Цахим Эмч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.