Дохионы хэлмэрч хөөрхөн эмэгтэйд долоохон хоногт дассанаа сана...

Twitter Print
2020 оны 03-р сар 27-нд 09:06 цагт
Мэдээний зураг,

Манай энхрий хайрт Ерөнхийлөгч ганц үг хэлээд л ганхуулдаг болчихсон шүү дээ. Энэ удаа бас л хийцгүй цагт хийтэй үг дуугарлаа.

УИХ-ын ээлжит сонгууль хугацаандаа болохгүй бол Монголын төр ямар байдалд орох вэ? Энэ асуултанд хариулах гээд үзье. Монголын төр, түмэн хоёр хоорондоо таарамж муутай, итгэлцэл байхгүй, ардууд нь амбангаа шүүмжлээд олон арваныг барав. Гэтэл Covid-19 вирус дэгдсэн нь сүүлийн хагас зуундаа байгаагүй эв нэгдлийг авчрав. Төрөө нягт тойрон хүрээлж, гаргасан шийдвэр зөвлөмжийг ягштал биелүүлж, төртэй, эх оронтой гэдгээ мэдэрч, Засгийн газрынхаа үйл ажиллагааг дэмжин угтах болов.

Магадгүй энэ бол МАН засаг барьж байгаа гэх мессэжнээс илүү том агуулга юм. Монголын Засгийн газар гадаад болон дотооддоо хамгийн их нэр хүндтэй байгаа алтан үе. Улс орноороо нэг удирдлагын дор вирустай тэмцэж буй энэ үед хэрэв сонгууль болбол МАН яадаг ч байсан илүүрхэнэ. Ядаж байхад АН-ын мэдрэмжгүй дарга өвчлөл ихтэй байгаа улсаас монголчуудыг эх оронд нь зөөн авчирч байгааг шүүмжилж, фашист хандлага харуулсан нь хар дансанд түүнийг намтай нь хамт налчийтал чихчихлээ.

Энэ сонгууль шинэ, залуу улс төрийн хүчин, нэр дэвшигчдэд боломж олгож байгаа ч гол тоглолт эл хоёр намын дунд болох нь тодорхой. Олон улсын эдийн засагчид, шинжээчид цаашдаа байдал улам хэцүүднэ гэдгийг хэлсээр байгаа. Энэ ханиад 19 дүгээр зууны эхэн үед дэгдсэн, дэлхий даяар 50 сая хүний амь авч одсон испани ханиадтай адил хоёр жилийн настай гэж үзье. Одоо нэг улирлыг л ардаа хийж байна. Хүнд хэцүү үе рүү ойртох тусам сонгуулиа хийхэд улам хүндрэлтэй болно. Ийм тохиолдолд Монгол Улс сонгуулиа ямар хугацаагаар хойшлуулах вэ? Энэ ч бас тодорхойгүй.

Тэгэхээр тодорхойгүй хугацаагаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл буюу үнэн хэрэгтээ Ерөнхийлөгч засаглах нь. Жил, эсвэл хоёр жил, магадгүй 10 сар. Эдийн засаг царцаж, тодорхой хэмжээгээр хорионд удаж бухимдсан ард түмэн буруутан хайна. Тэр буруутан нь ачааны хүндийг үүрч, ардын амь сахиж суугаа төр засаг болж хувирна. Нөгөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг удирдаж суугаа Ерөнхийлөгч маань яг өнөөдрийнхтэйгээ адил нэг л өглөө хар дарж сэрсэн хүн шиг хар муур гүйлгэнэ. Эдийн засгийн уналт дагаж эвдэрхий гэр шиг харагдах болсон Засгийн газрынхаа араас ганцхан түлхээд газар мөргүүлнэ. Харин сонгууль хэзээ болох уу? Одоо хийж чадаагүй сонгуулийг эдийн засаг тэг зогсолт хийж, эвлэсэн түмэн эв эвдэрсэн хойно хийх юм уу? Үндэсний аюулгүй байдлын зөвлөл улс орныг удирдаад эхлэхээр ардчилсан парламент шиг хэрэггүй юм байхгүй болж харагдана.

Хуулийн дагуу тэд бүрэн эрхээ эдлэх боловч ард түмэн өнөө хэдийг маань хугацаа нь дууссан барааг лангуун дээр үлдээгээд гардагтайгаа адил үнэлж харах болно. Тэр үед хорионд удаж, хоолны мөнгөөр суусан ард түмнийг хуруугаа хөдөлгөөд хувааж ч болно, хувируулж ч болно. Олгой дундуур олон түмнийг онхолдуулах амархан, олуулаа барьдаг засгийг олзлоод оймсныхоо түрийнд багтаачих бүүр л амархан. Ёстой жинхэнэ утгаараа хаан мандтугай, хаантан түм бум наслаг гээч болно доо. За тэгээд УИХ-ын ээлжит сонгууль хойшилчихсон юм чинь орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгуулиуд бүгд арагшаа ухарч, авдарт хөгцөрнө.

Одоо эрх барьж буй бүхэн сонгуульт хугацаа нь дуусангуут хүссэн ч, хүсээгүй л олны сэтгэлзүйд үүрэг гүйцэтгэгч болж үзэгдэх болно. Тэр тусмаа үнэгүй, үнэнгүй. Ингэхэд ямар үед УИХ-ын сонгуулийг хойшлуулж болох вэ? Үндсэн хуульд зааснаар улс оронд онц байдал зарласан тохиолдолд л ард түмний төрөө сонгох эрхэнд халдаж болно. Үүнийг Онц байдлын тухай хуулиар зохицуулна. Онц байдлыг нутаг дэвсгэрийн зарим хэсгийг хамарсан гэнэтийн аюул, дайны байдал үүссэн тохиолдолд зарлах бөгөөд ийм үед Улсын онцгой комиссийн эрх, үүргийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүлээнэ. Тэгэхээр энхрий хайрт Ерөнхийлөгчийн маань эвтэйхэн хийж буй тоглолтын цаана наагуур бодоход Улсын онцгой комисс, Засгийн газрын оронд гол дүр болж тодрох сонирхол нуугдаж байна. Цаагуур санахад ардчилсан парламентийг үнэгүйдүүлэн халах алсын санаа байхыг ч үгүйсгэхгүй.

Хөөрхийг их хардаад яахав, зүгээр л...гол дүрийг өөртөө авч тодрох гэсэн алхам байлаа гэж ойлгоё. Тэртэй тэргүй дэлхийд Covid-19 ноёлж байхад Монголд өөр ямар ч сэдэв олон нийтийн анхаарлыг татахгүй. Дохионы хэлмэрч хөөрхөн эмэгтэй долоохон хоногт од болсныг сана. Дээр нь Covid-19-тэй тэмцэх бүх бодлого, арга барилыг тодорхойлно, атгана. Өө тэгээд бүүр ч жижигхэн хардаж болж байна. Covid-19 вирустай тэмцэхийн тулд төр асар их мөнгө гаргаж байгаа. Энэ мөнгөний төлөөх эрх мэдлийн дажин ч бас байгааг үгүй гэмээргүй байна. Юу гээч? Би Монгол Улсын иргэний хувьд Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, хуулийн хугацаанд нь төрөө сонголцмоор байна! Ядаж л дэлхий нийтээрээ хямарч, дээр дооргүй бужигнаж буй энэ үед улс орныг минь хэн удирдахыг яг таг мэдэж баймаар байна.

Энэ бол ямар нэгэн олимп биш. Токиогийн олимпоор улсын болон дэлхийн жолоо, улс төр эдийн засгийг хэн атгахыг сонгодоггүй. Тэнд гүйлт, боксын тамирчид, бөхчүүд үзүүр түрүүгээ үздэг наадам. Хойшлох нь байтугай болохгүй байсан ч Монголын хувь заяанд нөлөөлөхгүй. Олимп дагаж ондоошихоо болъё. Тиймээс хэн нэгэн хугацаа нь дууссан Ерөнхий сайд, хугацаа нь удахгүй дуусах Ерөнхийлөгч, үүрэг гүйцэтгээд байгаа юм уу, үүрд үхэх гээд байгаа юм уу ойлгогдохгүй УИХ-тай хамт салхинд салам уруудмааргүй л байна даа! Нэмж хэлэхэд Covid-19 дарагдсаны дараа дэлхийн засаглалын чиг хандлага хаашаа эргэж, хэрхэн өөрчлөгдөхийг бид мэдэхгүй байгаа шүү.

Р.Эмүжин 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.