Нобелийн Энх тайвны шагналыг ОХУ болон Филиппины сэтгүүлчид хүртлээ

Twitter Print
2021 оны 10-р сар 09-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

2021 оны Нобелийн Энх тайвны шагналыг ОХУ-ын "Новая газета" сонины ерөнхий редактор Дмитрий Муратов, Филиппины Rappler мэдээллийн цахим сайтыг үүсгэн байгуулагч Мария Ресса нар хүртжээ.

Норвеги дахь Нобелийн зөвлөл дээрх хоёр сэтгүүлч нь "ардчилал болон бат бөх нийгмийн суурь болсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахад явдалд чухал хувь нэмэр оруулж" байгаа аж. Норвегийн Нобелийн зөвлөлийн тэргүүн Берит Рейс-Андерсен, "Хамтран ажиллаж байсан сэтгүүлчид нь бусдын гарт амиа алдаж, сонины редакцид нь тогтмол сүрдүүлэг заналхийлэл ирдэг ч "Новая газета" сонины ерөнхий редактор Дмитрий Муратов сониныхоо хараат бус зарчмаар ажиллах бодлогоос татгалзаагүй юм. Тэрээр сэтгүүлчдийн эрхийг хамгаалсаар ирсэн юм." хэмээн яг 15 жилийн Новая газета сонины сэтгүүлч Анна Политковская орцондоо буудуулан нас барсан болохыг онцолжээ.

2001 онд Чеченьд Новая газета сонины сурвалжлагч Виктор Попков бусдын гарт амиа алдсан бол 2003 онд тус сонины Эрэн сурвалжлах албаны редактор Юрий Щехочин нас баржээ. Цагдаа нар түүнийг гадны нөлөөгүй нас барсан гэж үзсэн бол хамт ажилладаг сэтгүүлчид нь Юрий Щехочинг хордуулсан гэж үздэг аж.

2009 онд Чеченьд Новая газета сонинтой хамтран ажиллаж байсан ОХУ дахь Human Rights Watch хүний эрх хамгаалах байгууллагыг удирдаж байсан сэтгүүлч Наталья Эстемироваг гэрийнх нь гаднаас хулгайлж, удалгүй буудуулж нас барсан цогцсыг нь олж байсан бол 2009 онд Москвад Новая газета сонины сэтгүүлч Анастасия Бабурова, өмгөөлөгч Станислав Маркелов нарыг буудан хөнөөсөн байдаг.

Дмитрий Муратов Нобелийн Энх тайвны шагнал хүртсэнийхээ дараа, "Өнөөдөр Нобелийн шагналыг Игорь Домников, Юрий Щехочин, Анна Политковская, Стас Маркелов, Анастасия Бабурова, Наташа Эстемирова нар хүртэж байна." хэмээн онцолжээ. Дмитрий Муратов Новая газета сонины үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 1995-2017 оны хооронд тус сонины ерөнхий редактороор ажиллаж байсан ба 2019 оноос дахин энэ албан тушаалдаа томилогджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ талаар, "Дмитрий Муратовд баяр хүргэе. Тэрээр өөрийн үзэл бодол, зарчимдаа үнэнч, авъяаслаг бөгөөд зоригтой сэтгүүлч юм." хэмээн дурджээ.

Новая газета сонины сүүлд ажилласан шуугиан тариад буй эрэн сурвалжлах нийтлэл нь Чечень дэх хүний эрхийн зөрчлүүдийн тухай юм. 2017 онд Новая газета сонин Чеченьд ижил хүйстнүүдийг мөрдөж, ижил хүйстнүүдийг тамлан зовоодог "нууц шоронгууд" байдаг тухай нийтлэсэн аж. 2021 оны 3-р сард Новая газета Чеченьд хуулиас гадуур хүмүүсийг цаазладаг тухай нийтлэл гаргасан ба уг нийтлэл гарсан өдөр үл таэих этгээд сонины редакцид химийн бодис цацжээ. Филиппины англи хэл дээр мэдээллээ нийтэлдэг Rappler сайтын үүсгэн байгуулагч Мария Ресса мөн л үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зоригтойгоор хамгаалагчдын нэг бөгөөд тэрээр Филиппины Ерөнхийлөгч Роберто Дутертэгийн хар тамхины эсрэг тэмцлийн тухай үнэнг дэлгэсэн нь шуугиан тарьсан билээ.

Норвегийн Нобелийн зөвлөлийн тэргүүн Реймс-Андерсен түүний талаар, "Мария Ресса үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх суурь эрхийн тусламжтайгаар эх оронд нь эрх баригчид эрх мэдлээ урвуулан ашиглаж, хүчирхийлэл үйлдэж байгааг, Филиппинд авторитаризмын дэглэм заналхийлж байгааг зоригтойгоор илчилж байна" Rappler сайтыг Филиппины эрх баригчид хаах гэж олон жил оролдож байгаа ба 2017 онд Филиппины Ерөнхийлөгч Родриго Дутертэ тус сайтыг америкчууд эзэмшдэг хэмээн шүүмжилж байсан билээ.

Үүнээс хойш Мария Ресса болон Rappler сайтын эсрэг 11 хавтаст хэрэг үүсгэсэн ба Мария Рессаг татвараа төлөөгүй, худал хуурмаг мэдээлэл тараасан зэрэг хэрэгт буруутгажээ. Мария Ресса Филиппин дэх хэвлэлийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон ба 2018 онд Time сэтгүүл түүнийг онцлох хүнээр нэрлэж байсан юм. Нобелийн Энх тайвны шагналд 234 хүн, 95 байгууллага нэр дэвшсэн ба Нобелийн бусад салбарын шагналын эздийг Шведийн Нобелийн зөвлөл сонгодог бол Энх тайвны шагналын эздийг Норвегийн Нобелийн зөвлөл сонгодог аж.

Эх сурвалж: Aljazeera

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.