Энэтхэгт эхний ээлжийн тусламж буулаа

Twitter Print
2021 оны 04-р сар 29-нд 09:15 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын цар тахалд өртөж, нөхцөл байдал хүндэрсэн Энэтхэг улсад бусад улс орнууд эмнэлгийн тусламж илгээхээ мэдэгдсэн ба өнгөрсөн мягмар гарагт Энэтхэгт Их Британиас илгээсэн эмнэлгийн тусламжийн барааны эхний ээлж буусан байна.

Харин өнөө өглөө Нью-Дели хотод Оросын хүмүүнлэгийн тусламжийг ачсан Онцгой байдлын яамны эхний онгоц дөрөвдүгээр сарын 29-ний өглөө газарджээ. Оросоос хүмүүнлэгийн тусламжийн хоёр онгоц илгээснээс эхнийх нь ийнхүү буулаа. 

Хүмүүнлэгийн ачаанд хүчилтөрөгчийн концентраторууд, уушгины хиймэл амьсгалын аппаратууд, орны хажуугийн хяналтын дэлгэц, коронавирусийг эмчлэх эм болон бусад эм бэлдмэлүүд багтсан аж. 

Коронавирусын халдварын тархалтанд өртөж, эмнэлгүүд нь ачааллаа дийлэхээ больж, хүчилтөрөгчийн хомсдолд орсон Энэтхэг улсад коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийн тоо 200 мянгад хүрээд байна.

Их Британи улсаас Энэтхэг рүү 100 амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат 95 ширхгийг илгээсэн нь Шинэ Дели хотод буусныг Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдэгджээ.

Франц улсын зүгээс энэ долоо хоногт Энэтхэг рүү агаараас хүчилтөрөгч ялгаж, хүчилтөрөгч үйлдвэрлэдэг 8 ширхэг төхөөрөмжийг илгээнэ гэсэн бол Ирланд, Герман болон Австралийн зүгээс хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, амьсгалын аппарат зэргийг илгээхээр бэлдэж байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АНУ хүнд бэрхшээлтэй тулгараад буй Энэтхэг улсад тусалж, коронавирусын эсрэг вакцин илгээнэ гэдгээ мэдэгдсэн билээ.

Энэтхэгийн зүүн мужуудаас коронавирусын халдварын томоохон голомт болоод байгаа Дели хот руу 70 тонн хүчилтөрөгчийг галт тэргээр илгээжээ. Дели хотын дарга Арвиндт Кежривал энэ талаар, "Энэ удаагийн коронавирусын халдварын давалгаа нь маш аюултай бөгөөд халдвартай байгаагаас болж эмнэлгүүд дүүрч, өндөр ачаалалтай ажиллаж байна" хэмээн, ойрын хугацаанд коронавирусын халдвартай иргэдийг хүлээж авах түр эмнэлэг байгуулна гэдгээ мэдэгджээ. ДЭМБ-аас Энэтхэг рүү хүчилтөрөгч өтгөрүүлэгч 4000 аппарат илгээхээр ажиллаж байна.

1.3 тэрбум хүн амтай Энэтхэг улс коронавирусын эсрэг вакцины хомсдолд ороод байгаа ба АНУ-ын эм үйлдвэрлэгч 2 том компани Энэтхэг улсад туслахаа мэдэгджээ. Америкийн Гилеад Сайенс компани Энэтхэгт вирусын эсрэг ремдезивир эмийн 450 мянган тунг хандивлана гэсэн бол Мерк энд Ко компани коронавирусын эсрэг туршилтын молнупиравир эмийг Энэтхэгийн эмийн 5 үйлдвэртэй хамтран үйлдвэрлэхээ мэдэгджээ.

Эх сурвалж: https://www.reuters.com/world/india/india

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.