Улс төрийн амьдралд өрнөсөн халуухан сэдэв

Twitter Print
2014 оны 10-р сар 23-нд 10:16 цагт
Мэдээний зураг,

Өнгөрөгч долоо хоног улс төр бужигнасан үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. Намрын халуун өдрүүдийн хамгийн том дуулиан Eрөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудал болоод байна. Тэгвэл энэхүү дуулиан үүсэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүнээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тодроод буй. Тэрбээр өмнөх долоо хоногт болсон намын бүлгийн хурал дээрээ Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг уриалан зүтгүүлж, зарим гишүүдтэйгээ ам муруйн шахаж байж бүлгийн шийдвэр гаргуулж дөнгөсөн. Улмаар огцруулах бичиг барин гүйж Ж.Батзандан, Л.Цог хоёроор гарын үсэг зуруулснаар Ардын нам хорин найман гишүүний гарын үсэгтэй болж чаджээ.

Ж.Мөнхбатын авч ирсэн бичигт гарын үсэг зурснаараа намынхаа удирдлагуудад адлагдаж, намаасаа хөөгдөх дээрээ тулаад байсан УИХ-ын гишүүн Ж.Батзанданг дэмжих улстөрийн давалгаа харин Хотын дарга Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн М.Зоригт нараар эхэлж Р.Амаржаргалаар буухиалан өдөр ирэх тусам улам бүр хүчээ авч байна.

АН, МАХН хамтран ажиллах гэрээгээ шинэчлэв

Өнгөрсөн бямба гарагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг МАХН-ын дарга Н.Энхбаяртай 2024 он хүртэл хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн гарын үсэг зурсан. Ингэснээр хоёр нам 2016 оны сонгуульд хамтран оролцох нь гэх хүлээлт үүсээд байгаа. Хамтран ажиллах гэрээнд зааснаар хоёр нам 2016 оны сонгуульд хамтран оролцох эсэхээ тухайн үеийн улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан шийдэх юм байна. Мөн хамтран оролцоогүй тохиолдолд хоёр намаас нэр дэвшигчид мажоритар тойрогт бие биенийхээ саналыг хуваалцахгүй байх зарчмыг баримталж, тус тусын мөрийн хөтөлбөр, намын бодлогыг харилцан дэмжиж ажиллах гэх зэрэг заалтуудыг гэрээнд тусгажээ. 

Ерөнхий сайдыг огцруулах төсөл мэдүүллээ

УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын гарын үсэгтэй Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн  барьснаас хойш ерөнхий сайдын асуудал улам л хурцадсан. МАХН-тай байгуулсан гэрээнээс нь үүдэн АН-ын гишүүд, дэмжигчид түүнийг эсэргүүцэж, хуучин намын нөхдүүд нь “Ах дүү долоон хулганы үлгэр” шиг нэгнээ барьж аван “зодох” шахам сөрөг хүчинтэйгээ нийлж огцруулах талаар ам уралдан хэлэлцэж байх юм. Э.Бат-Үүл дарга энэ гэрээг Ардчилсан намд гурван хортой заалт байгааг мэдэгдэлдээ дурдсан. 

Уг нь нийтдээ 14 орчим заалттай гэрээг сайтар тунгааж унших юм бол Ардчилсан намынханд л ашигтай. Харамсалтай, АН-ын зарим лидерүүд энэ гэрээг эсэргүүцэж, намынхаа даргыг шүүхэд өгөхөө том дуугаар мэдэгдсэнээс харахад МАН-ын өмнөөс Ан-ынхан яагаад сандарч гүйлдээд байгаа нь ойлгомжгүй байгаа юм.

Гэрээнд

-Сонгуульд нэг эвсэл болж оролцоогүй тохиолдолд УИХ-ын сонгуулийн мажоритар тойрогт хоёр намын нэр дэвшигчид бие биенийхээ саналыг хуваахгүй байх зарчимд нийцүүлэн хоёр намын сонгуулийн бүхий л үйл ажиллагааг хооронд нь уялдуулан ажиллах зарчим баримтална.

- 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам, МАХН олонхийн суудал аваагүй бол Засгийн газрыг хамтран байгуулах бодлого баримтална.

- Улстөрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд “Улстөрийн нам нь бизнес эрхлэгчдээс хандив авдагийг хориглоно гэсэн заалт тусгагджээ.

Энэ намрын чуулганаар Засгийн бүтцийн асуудлаар эхэлсэн сөргөлдөөнөөр эрхэм гишүүд чуулганы 21 хоногийг нь ардаа хийлээ

Чуулган эхлээд гурав дахь долоо хоногтоо орсон ч гишүүд үндсэн ажлаа барьж аваагүй, улс төрийн мэдэгдэл “пауз” шоугаа өрнүүлж эхлээд байна. Сөрөг хүчин 2015 оны төсвийн төслийн хууль дээр хэн ч дэмжихээр дуу хоолойгоо гаргаж буцаалгаж чадлаа. Харин ердөө тэр долоо хоногтоо энэ бүхнийг балруулдсан улс төр хийж Ерөнхий сайдыг огцруулах хүсэлт байв.

Ерөнхий сайд улстөрчийн хувьд ч, хүний хувьд ч өөрт байгаа бүх боломжоороо хамгаалалтаа хийж байгааг буруутгах эрхгүй. Өчигдрийн байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх байсан ч МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг ажлын тав хоногийн завсарлага авч байна гэсэн юм. Ингээд Н.Алтанхуягийг огцруулах асуудлаар УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг завсарлага авснаар хэлэлцэгдэлгүй хойшлов.

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.