
Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэн засгийн газар нь Тайванийн ардчилсан дэглэмийг хамгаалахын тулд батлан хамгаалах салбартаа тасралтгүй хөрөнгө оруулалт хийж, тайваньчууд Бээжингээс ирж буй дарамтанд бөхийхгүй хэмээн мэдэгджээ. БНХАУ-ын хувьд Тайванийг улсынхаа нэг хэсэг гэж үздэг ба сүүлийн хэдэн долоо хоногуудад Бээжингийн зүгээс Тайваньд цэргийн болон улс төрийн дарамт шахалт үзүүлэх явдал улам нэмэгдсэн юм.
Энэ 10-р сарын эхний долоо хоногт л гэхэд Бээжингийн цэргийн нийт 149 онгоц Тайванийн агаарын хамгаалалтын бүсэд нэвтэрсэн юм. Өнгөрсөн ням гарагт Тайванийн Үндэсний өдөрт зориулж хэлсэн үгэндээ Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэн Тайванийн хоолойд үүссэн хурцадмал байдал намжина гэж найдаж буйгаа онцолжээ. Тэрээр Тайванийн засгийн газар яаруу бөгөөд бодлогогүй үйлдэл хийхгүй ч энэ нь Тайванийн ард түмэн ирж буй дарамтанд бөхийнө гэсэн үг огт биш гэдгийг онцолжээ.
Түүнчлэн тэрээр, "Тайванийг хэн ч Бээжингийн заасан замаар явахыг хүчилж чадахгүй учир нь Бээжингийн заасан зам нь Тайванийн 23 сая хүнд ардчилсан, эрх чөлөөт амьдрал, тусгаар тогтнол аль алиныг нь өгч чадахгүй." гэжээ. Тайвань нь их газрын Хятадын эргээс 161 км зайд орших арал юм. 1949 оны иргэний дайны дараа коммунистууд БНХАУ-ыг байгуулсан ба тус дайнд ялагдсан Хятадын үндэсний хувьсгалчид Тайвань арал руу зугтаж, тэндээ засгийн газар байгуулжээ.
Бээжин Тайваньд Хонгконгтой адил "Нэг улс, хоёр систем" бодлогыг хэрэгжүүлэхийг санал болгосон ч Тайванийн намууд сүүлийн жилүүдэд Хонгконгт үүссэн нөхцөл байдал, Бээжингийн зүгээс Хонгконгт явуулж буй бодлогуудтай холбоотойгоор Бээжингийн саналыг хүлээж авахаас татгалзаад байгаа юм.
Түүнээс гадна Ерөнхийлөгч Цай Ин Вэн Бээжин Тайванийн агаарын хамгаалалтын бүсэд тасралтгүй нэвтэрч байгаа нь Тайванийн үндэсний аюулгүй байдал болон агаарын тээврийн аюулгүй байдалд ноцтой нөлөө үзүүлж байна гэдгийг онцолжээ. Тэрээр, "Бид илүү их амжилт үзүүлэх тусам Бээжингээс ирэх дарамт улам л нэмэгдэнэ. Тиймээс бид сонор сэрэмжээ сулруулах эрхгүй билээ." гэжээ.
Бээжин Тайванийн харилцаа 5 жилийн өмнө Тайванийн Ерөнхийлөгчөөр Цай Ин Вэн сонгогдсоны дараа улам хурцадсан юм. Бээжин 65 настай Цай Ин Вэнийг Тайвань Хятадын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй, салан тусгаарлагч хэмээн тодорхойлж, БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин Тайваньтай албан ёсны харилцаагаа таслах шийдвэр гаргасан юм.
Эх сурвалж: Aljazeera
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.