SWIFT орлуулашгүй систем мөн үү?

Twitter Print
2022 оны 03-р сар 01-нд 09:27 цагт
Мэдээний зураг,

SWIFT орлуулашгүй систем мөн үү?

Юун түрүүнд SWIFT гэдгийг ойлгохоос эхэлье. Маш энгиийнээр Society for Worldwide Bank Inter Financial Telecommunication буюу SWIFT нь дэлхийн банкуудыг холбодог "санхүүгийн мессеж"-ийн дэд бүтэц юм. SWIFT нь бодит мөнгөний шилжүүлгийг хариуцдаггүй бөгөөд зөвхөн шилжүүлгийн хүсэлтийг дамжуулах хэрэгсэл гэдгийг ойлгох хэрэгтэй. Олон улсын мөнгөн шилжүүлэг хийх үед нэг данснаас нөгөө данс руу шилжих мөнгө эцсийн цэгт хүрэхээсээ өмнө олон банкаар дамждаг, ялангуяа энэ нь гадаад валюттай холбоотой бол ээдрээтэй урт зам туулна. SWIFT банк хооронд шилжүүлгийн мэдээлэл бүхий мессежүүдийг илгээж, мөнгө хаана хүрэх ёстойг мэдэх боломж олгодог. Хамгийн товчоор олон улсын мөнгөн шилжүүлгийн "мессеж" замч юм. Өнөөдөр SWIFT нь 200 гаруй улс орны 11,000 гаруй банк санхүүгийн байгууллагыг холбож, өдөрт дунджаар 32 сая мессеж илээдэг.

Оросын зарим банкуудыг SWIFT-с салгаснаар дэлхийн бакуудаас тусгаарлагдаж байна гэж шууд ойлгож болно. Гэхдээ SWIFT орлуулашгүй систем мөн үү? гэх асуудал дэлхийн санхүүгийн шинжээчдийн гол сэдэв болоод байна.

"Оросын зарим банкуудыг SWIFT-с хассан алхам нь Бээжингийн хил дамнасан төлбөр тооцооны системийг өргөжүүлэхэд түлхэц болох магадлалтай" гэж зарим шинжээчид үзэж байна.

Хятад улс 2009 оноос юанийн олон улсын хэрэглээг нэмэгдүүлэх зорилго тавьж төлбөр тооцооны систем бүтээхэд анхаарлаа хандуулж эхэлсэн байна. "Бүс ба зам" зэрэг олон тэрбум юанийн Хятадын хөрөнгө оруулалттыг хилийн чандад гаргах Бээжингийн амбицтай санаачилгууд дээрх тэмүүллийг илүү ач холбогдолтой болгожээ. Ийнхүү 2015 онд олон улсын худалдааны төлбөр тооцоонд Хятадын мөнгөн тэмдэгтийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой Cross-Border Interbank Payment System CIPS-ийг нэвтрүүлсэн байна.

Хил дамнасан банк хоорондын төлбөрийн систем буюу CIPS нь хуурай газрын болон оффшор клирингийн зах зээл мөн оролцогч банкуудыг холбосон бие даасан олон улсын юанийн төлбөр тооцоо, клирингийн системийг богино хугацаанд бүтээж чаджээ.

Өдгөө 100 гаруй ажилтантай CIPS нь Шанхайн санхүүгийн төвд байрладаг бөгөөд 2.38 тэрбум юань буюу 376.9 сая ам.долларын дүрмийн сантай. Энэхүү санхүүгийн чухал дэд бүтцийг Хятадын Ардын банк хянадаг.

2015 онд Олон Улсын Валютын Сангийн Зээлийн тусгай эрхийн сагсанд орсны дараа юанийн олон улсын хэрэглээ нэмэгдсэн боловч, ам. доллараас хамаагүй доогуур байна.

Энэ оны 1-р сарын байдлаар Хятадын юань дэлхийн төлбөр тооцооны 3.2 хувийг эзэлсэн бол, ам.доллар 39.92 хувь, евро 36.56 хувь, Британы фунт 6.3 хувийг бүрдүүлжээ.

Дэлхийн нийт ДНб-ийн 18 хувийг бүрдүүлдэг, дэлхийн хоёрдох том эдийн засгийн хувьд энэ нь чамлалттай үзүүлэлт юм.

Гэхдээ CIPS-ийн ирээдүй гялалзаж байгааг мэргэжилтнүүд ярьж байна. Өнгөрсөн оны эхний 11 сард энэ системээр 2.68 сая гүйлгээ хийсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 58 хувиар өссөн байна. Гүйлгээний дүн 83 хувиар өсч, 64 их наяд юаньд хүрчээ.

Энэ оны 1-р сард CIPS-д 103 орныг хамарсан 1280 банк санхүүгийн байгууллага бүртгэгджээ.. Үүний 400 нь олон улсын том банкууд байна.

Хэрэв 789.4 тэрбум ам доллароор үнэлэгдэж 100 хол давсан улс орныг хамарсан Оросын гадаад худалдаа CIPS-д нэгдэж, төлбөр тооцоо нь тус системээр дамжиж эхэлбэл дэлхийн банк санхүүгийн системд эргэлт авчирч магадлалтай гэж барууны зарим шинжээчид дүгнэж байна. Тэр дундаа газрын тос байгалийн хийн өндөр дүнтэй төлбөр тооцоо CIPS-р нэгдвэл долларын системд цохилт ирж болзошгүй аж.

Хятадын санхүүгийн тэргүүлэх мэргэжилтнүүд ч CIPS-ийн тэлэх боломжийн тухай уже ярьж эхэлснийг энд онцлон тэмдэглэх хэрэгтэй.

Dongguan Securities-ийн шинжээч Чен Вейгуань, Луо Вейбинь и Лю Менглин нар даваа гарагт "Оросыг SWIFT-с блоклосон болон сүүлийн жилүүдэд эрчимжиж буй Хятад-АНУ-ын худалдааны маргаанаас харахад санхүүгийн аюулгүй байдлыг бий болгох үүднээс SWIFT-с хамааралтай байдлыг багасгах шаардлагатай байна" гэж бичжээ.

Мөн Tianfeng Securities-ийн шинжээч Мяо Синьцзюнь даваа гарагт "Олон улсын санхүүгийн байгууллагууд болон CIPS хоорондын харилцаа эрчимжиж магадгүй" гэжээ

"Нефть олборлогч, тэргүүлэгч орнууд болох Иран, Орос хоёрт хориг тавих нь долларын системийн уналтыг хурдасгаж, юанийг олон улсын түвшинд шилжихэд түлхэц болно" гэж Мяо мөн тэмдэглэлдээ дурдсан байна.

CIPS-ийн ерөнхийлөгч Сюй Зайюэ Shanghai Securities News -д өгсөн ярилцлагадаа тус байгууллага шууд оролцогч банкуудын тоог нэмэгдүүлэхийг зорьж байгааг мэдэгдэж:

"Юань байгаа газар CIPS үйлчилгээ байх болно." гэж ярьжээ.

Хятад болон барууны шилдэгт тооцогдох эдийн засаг санхүүгийн сэтгүүлүүдийг шүүж, орчуулан бэлтгэв.

Э.Сарнай

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.