Долоо, тав, гурван насны баярыг Японд арваннэгдүгээр сарын 15-нд тэмдэглэдэг уламжлалтай

Twitter Print
2020 оны 11-р сар 15-нд 11:41 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Японд гурав ,тав,долоо нас хүрэх хүүхдүүдийг өвчин зовлонгүй өсөж бойжихыг ерөөж тэмдэглэдэг өдөр.

Японы уламжлагдаж ирсэн баярын нэг уг тэмдэглэлт өдөр тэртээ Хэй аны /794-1185/ үеэс эхтэй ажээ. Тухайн үед хүн ам багасаж ялангуяа бага насны хүүхдүүд нас барж байсан учир эзэн хаан сүм хийдэд очиж хүүхдийн өвчин зовлонгүй өсөж бойжих ёслол үйлдсэн гэдэг. Үүнээс үүдэж бурханы шашны хийд, шинто шашны хийд ялгалгүйгээр жил бүр энэ ёс заншлыг хийдэг байсан нь өдгөө хүртэл уламжлагдаж иржээ.

Хүүхдийн гурав, тав, долоон насыг ихэд чухалчилж үзэн эхээс төрөөд 3 нас хүрсний тэмдэг болгож эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд үс тавих ёслол, 5 нас хүрэх эрэгтэй хүүхдэд "Эрэгтэй хүүхэд" гэдгийг хүлээн зөвшөөрсний илэрхийлэл тусгай кимоно өмсгөж баярладаг бол 7 нас хүрсэн эмэгтэй хүүхдийн "Бүсний баяр"-ыг ч энэ өдөр давхар тэмдэглэдэг байна. Тухайн үед гурван нас хүртэл голдуу үсийг нь авдаг байсан бол 3 наснаас хойш үс тавьж амьдралд хүн болох нэг алхамаа амжилттай хийсэнд тооцож ёслолоо хийдэг аж.

Эмэгтэй хүүхэд 7 нас хүртлээ энгийн кимоно өмсдөг байсан бол долоон нас хүрээд кимоно өмсгөл дээрээ том хүний гоёмсог бүс зүүж нас биед хүрсэн хүний тоонд орсныг, эрүүл энх өсөн торниж байгааг илэрхийлдэг ёслол гэж түүхэн тайлбарт бичигджээ. Энэ өдөр дээрхи насны хүүхдүүд "Мянган наст чихэр" иддэг ба уг чихрийг ганцхан энэ өдөрт зориулж хийдэг аж. Эдогийн үеийн 5-р жанжин Токүгава Цүнаёшигийн үед Асакүсагийн чихрийн дэлгүүр улаан шар өнгийн чихэр зарж байсан баримт үлджээ.

Чихэр шиг сайхан амьдралаар урт удаан амьдарч өндөр наслахыг билэгшээж идүүлдэг байсан уг чихрийн хэлбэр нь ч урт нарийхан байдаг юм байна. Хуучин тоолын 11 сарын 15-ны ганцхан энэ өдөр чөтгөр гэрт орж ирдэггүй хамгийн сайн өдөр хэмээн үздэг гэх буюу их жанжин Токүгава Цүнаёшигийн том хүү Токү мацүгийн бие сул муу тул уг өдөр сүмд мөргөл үйлдэж эрүүл энх, урт наслахыг ерөөсөн болохоор жил бүрийн 11 сарын 15-нд хийдэг болсон гэж түүхэнд тэмдэглэгджээ.

Н.Базарсүрэн, Япон улс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.