
"Турмаар байвал ус их хэмжээгээр уу", "Өлөн элгэн дээрээ ус уу" гэх зэрэг нь маш буруу ойлголт.
-Турах дэглэм, арга олон нийтийн сүлжээнд маш их байна. Тухайн хүний бие организмд нийцэж үр дүнтэй байсан дэглэм бусад хүмүүст ижилхэн үйлчилнэ гэсэн үг биш. Хүн бүр харилцан адилгүй шүү дээ. "Турмаар байвал ус их хэмжээгээр уу", "Өлөн элгэн дээрээ ус уу" гэх зэргээр маш их зөвлөсөн байгаа харагддаг. Гэтэл энэ нь нэг талаараа маш буруу ойлголт. Гэхдээ ус ууж болохгүй гэж хэлж байгаа юм биш. Биеийн шингэний хэмжээг зохистой байлгахад ус чухал боловч хэтрүүлэн хэрэглэх, буруу хэрэглэх нь олон сөрөг үр дагавартай.
Ус их уух нь бөөрний үйл ажиллагааг гэмтээх, зүрхний ачааллыг ихэсгэх, ходоодны галын илчийг дарах, хямраах, шээс ихээр ялгарах, тархи хавдах зэрэг олон эрсдэлийг үүсгэдэг. Таргалалтыг бадган хүйтэн өвчин гэж үзэж болно. Бадганыг тэнцвэржүүлэхийн тулд буцалсан халуун ус уух хэрэгтэй. Хүйтэн ус бадганыг дарах чадалгүй учраас хүйтэн ус уух нь тохиромжгүй. Хүмүүс буцалсан ус аягандаа хөргөж тавьчхаад хонуулаад уудаг, бүр өлөн элгэн дээрээ уудаг. Гэтэл хоносон ус нь уламжлалт анагаах ухааны онол ёсоор хорын мөн чанартай бөгөөд өлөн элгэн дээрээ ууснаар ходоодны галын илчийг дарангуйлдаг. Тиймээс турах сонирхолтой хүмүүс хүйтэн ус уух биш буцалсан халуун бүлээн усыг уух хэрэгтэй.
Ширгээсэн ус уувал бүр сайн. Зөгийн бал нь бадганыг тэгшитгэдэг учраас зөгийн балтай ус ууж болно. Мөн усныхаа хэмжээг тохируулах нь чухал. Ус уух сайн гээд өдөрт 2, 3 литр ус уух нь буруу. Хүн бүрийн ходоодны хэмжээ, биеийн байдал харилцан адилгүй учраас өөрт тохирсон хэмжээгээр уух хэрэгтэй. Мөн турахыг хүсэж буй хүмүүс хоол идэхийнхээ өмнө шингэн зүйл ууж байвал жин хасагдах давуу талтай байдаг.
Манба Дацан Нэгдсэн Тасгийн их эмч, АУ-ы магистр Ч.Дэлгэрмаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.