Багачуудын гэрийн даалгавар хийлгэхэд анхаарах зүйлс

Twitter Print
2020 оны 03-р сар 26-нд 14:21 цагт
Мэдээний зураг,

Гэрийн даалгавар бол үзсэнээ бататгах, хүүхдийг үүрэг хариуцлагатай болгох, бие дааж сурах гэх мэт давуу тал ихтэй. Гэхдээ гэрийн даалгавар хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт нь тохирсон ачаалалтай байж л дээрх давуу талуудыг олгоно.

Ялангуяа 6 НАСТНУУДын эхний зургаан сар нь сургууль, шинэ багш, шинэ хамт олон, шинэ дүрэмд дасах зэрэг нь хүүхдийн сэтгэлзүйд маш хүчтэй нөлөөлдөг үе тул энэ үед нь оюуны ачааллаас чөлөөлж гэрийн даалгаварын хэт их ачааллаар дарахгүй байх нь чухал. Гэрийн даалгавар хийлгэхдээ:

  • Даалгавар хийхэд тохиромжтой өрөө буюу булан бэлтгэж өгөх. Тэр хэсэгт нь тогтмол агааржуулалт хийнэ, гэрэлтүүлгийг анхаарна.

  • Даалгавар хийж байх үед гэрт байгаа хэн бүхэн дэргэд нь зурагт үзэж, утсаа ухахгүй. Дор бүрнээ өөрсдийн хийх ёстой бичиг цаасны ажлаа хийж, ном унших нь уншиж үйлдлээр дэмжих хэрэгтэй. Ингэснээр хүүхэд, бид бүгд хамтдаа сурч байна, хүн бүхэн хичээл хийж байна гэсэн идэвх авдаг.

  • Бага ангийн хүүхдийн анхаарал төвлөрөлт дунджаар ~15~ минут л байдаг тул даалгаварыг 15 минут хийлгээд 5 минут гарын дасгал хийлгэх, сонирхолтой зүйл ярих, ус уулгах, 00 орох гэх мэт дунд нь завсарлуулаарай. Заавал шүү. Ингэхээр сууж сурахгүй болно гэж эцэг эхчүүд эндүүрдэг. Харин ч нэг дор удаан суулгаснаар 15 минутаас хойшхи хугацаанд хүүхдийн тархи идэвхгүй ажиллаж, хичээл даалгавараас залхаж эхэлдэг.

  • Анхаарах өөр нэг зүйл бол хүүхдийг сургуульд орсноос хойш хичээл ихтэй хэмээн гэрийн ажлаас чөлөөлөх хандлага байдаг. Хүүхдэд ачаалал, насны онцлогт нь тохирсон гэрийн ажлыг хийлгэж байгаарай. Ингэснээр хүүхэд үүрэг, хариуцлагыг ухамсарлана, бие даах чадварт суралцана. Энэ нь цаашдаа даалгавараа санаачлагаараа, чанартай хийх дадалд нөлөөлдөг.

  • Болж өгвөл даалгаварыг хэцүүгээс нь хийх нь зүгээр байдаг. Гэхдээ өөрөөс нь алийг нь түрүүлж хиймээр байгааг нь асуугаад даалгавар хийх хуваарь гаргаарай.

  • Даалгавар хийж байх үедээ алдаа гаргавал "дараагийнх дээрээ заавал хичээгээрэй", "өө, одоо харин яг болж байна" гэх мэт урмаар дэмжиж туслах. Буруудсаны тоогоор уурлаж бухимдвал хүүхэд даалгавар хийхээс халширдаг болчихдог.

  • Даалгавараа хийвэл ийм амттан, тийм дуртай зүйлийг нь өгнө гэх мэт амлалт өгөх нь буруу.

  • Хүүхдээ ах эгч, ангийнх нь найзтай өрсөлдүүлэхгүй, харьцуулахгүй байхыг сайн анхаарах. Өмнөхөөсөө сайжирч байгааг нь бодитоор үзүүлж урам өгөөрэй.

Хүүхдийн гэрийн даалгавар бол ГЭР БҮЛИЙН ДААЛГАВАР

Г.Төмөрзаяа

“Хөөрхөн шар шувуу” сургалт судалгааны төвийн үүсгэн байгуулагч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.