
Хойд Солонгосын пуужингийн туршилтууд нь Өмнөд Солонгост цөмийн цохилт үзүүлэх туршилт байсан гэжээ. Сүүлийн хэдэн долоо хоногт Пхеньян АНУ-БНСУ-ын цэргийн хамтарсан хээрийн сургуулилтын хариуд нийт 7 пуужин харвасан билээ.
Тэгвэл Хойд Солонгосын мэдээллийн төв агентлагаас мэдээлснээр тэдгээр богино зайн пуужингууд нь цөмийн толгой тээхэд зориулагдсан аж. Хойд Солонгосын зэвсэгт хүчнийхэн тушилтаа явуулахдаа пуужингуудад хиймэл цөмийн толгойг суурилуулсан бөгөөд БНСУ-ын цэргийн баазууд, боомтууд, нисэх онгоцны буудлуудыг устгах загварчлалаа амжилттай гаргаж чадсан гэжээ.
KNCA агентлаг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун эдгээр туршилтуудыг ажиглаж, зохих шаардлагуудыг тавьж буй гэрэл зургуудыг нийтэлсэн байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч Юүн Сук Ёл Хойд Солонгос улс цөмийн зэвсгээрээ БНСУ төдийгүй дэлхийг айлган сүрдүүлж байгааг онцолж, үүгээрээ Хойд Солонгос юунд ч хүрэхгүй гэжээ.
Вашингтон болон Сөүлийн тагнуулын албаныхан Хойд Солонгос удахгүй цөмийн зэвсгээ туршина хэмээн таамаглаж байгаа бол ажиглагчид Хойд Солонгос пуужинд багтах хэмжээний тактизийн зэвсгийг тэсэлж, хүчин чадлыг нь шалгаж болзошгүй гэж үзэж байна.
Өнгөрсөн сард Ким Жон Ун Хойд Солонгос улс цөмийн хөтөлбөрөө хэзээ ч орхихгүй гэдгийг зарлаж, цөмийн зэвсгийг урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглах боломжтой хэмээн хуулиа өөрчлөн шинэчилсэн билээ.
2022 он гарснаас хойш Хойд Солонгос пуужингийн туршилтаа идэвхжүүлж, одоогийн байдлаар пуужингийн 40 гаруй туршилт явуулаад байна. Тэдгээрийн ихэнх нь богино зайн пуужингийн туршилт байсан ба харвасан пуужингууд нь Хойд Солонгос, Япон хоёрын голд далайд унасан юм.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгос алсын зайн пуужингийн туршилт явуулсан нь Япон улсын нутаг дэвсгэр дээгүүр нисэн өнгөрсөн билээ.
Түүнчлэн хойд солонгосчууд пуужингаа галт тэрэг, машины цуваа зэрэг хөдөлтгөөнт цэгээс харваж байгаа нь пуужинг замаас нь устгах явдлыг улам хүндрүүлж байна хэмээн мэргэжилтнүүд онцолжээ.
Хойд Солонгосын мэдээллийн агентлаг өнгөрсөн даваа гарагт явуулсан туршилтаа "цөмийн тактикийн үйл ажиллагаа" хэмээн тодорхойлсон нь Хойд Солонгос улс жижиг бөгөөд ойрын зайн цөмийн пуужин хөөргөх систем бүтээсэн байж болзошгүйтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.