Калифорни мужийн бүх сургууль ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй олгож эхэлнэ

Twitter Print
2021 оны 10-р сар 30-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Калифорни мужийн эрх баригчид тус мужид үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын бүх сургуулиуд, коллеж их дээд сургуулиуд ирэх хичээлийн шинэ жилээс эхлэн оюутан сурагчиддаа эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй олгож эхлэх тухай хуулийн төслийг өнгөрсөн баасан гарагт баталжээ.

Сарын Тэмдгийн Эрх Тэгш Байдлыг бүгдэд нэртэй хуулийн төслийн дагуу Калифорнийн нийтийн сургуулийн 6-12-р ангийн сурагчид болон коллеж, их дээд сургуулиудын оюутнуудыг сургуулиас нь үнэгүй ариун цэврийн хэрэглэлээр хангах аж. Калифорни муж нь АНУ-ын хамгийн олон хүн амтай муж бөгөөд тус мужид батлагдсан хуулийн төслүүд цаашид бусад мужуудад мөн адил хэрэгжиж эхэлдэг түүхтэй аж.

Энэ онд Калифорнийн эрх баригчид эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийн татварыг тэглэсэн ба тус хуулийг санаачилсан Калифорни мужийн Зөвлөлийн гишүүн Кристина Гарсиягийн онцолсноор калифорничууд ариун цэврийн хэрэглэлд жилд дунджаар 20 сая гаруй ам. доллар зарцуулдаг байжээ. 2017 онд мөн л Кристина Гарсия гишүүний санаачилгаар хэрэгжиж эхэлсэн хуулийн дагуу амьжиргааны түвшин доогуур гэр бүлээс гаралтай хүүхдүүдийн сурдаг сургуулиуд сурагчиддаа ариун цэврийн хэрэглэл үнэгүй олгож эхэлсэн аж.

Кристина Гарсиягийн хэлж байгаагаар сургуулиуд ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй олгож эхэлснээр эмэгтэй сурагчид ариун цэврийн хэрэглэл худалдаж авах, олж авахтай холбоотой сэтгэл зовнилоос ангижрах ба хичээлдээ санаа зоволгүй сууж, боловсролдоо илүү анхаарах боломжтой болох аж. Тэрээр, "Ариун цэврийн цаас, салфетка зэрэгтэй адил нийтийн ариун цэврийн өрөөнүүдэд үнэгүй ариун цэврийн хэрэглэл ч байх ёстой. Ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй болгож, сурч боловсроход нь садаа болох бүх саад бэрхшээлүүдийг нь арилгаж, хүн амын тал хувийг эзэлдэг иргэдийнхээ биологийн онцлогыг таньж, хүндэтгэж эхлэх цаг ирээд байна" хэмээн онцолжээ.

Өнгөрсөн жил Шотланд улс эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг олон нийтийн бүх төвүүд, эмийн сангууд, хүүхэд залуучуудын төвүүдэд үнэгүй олгож эхэлсэн ба өмнө нь Шотландын ерөнхий боловсролын сургуулиуд, их дээд сургуулиудад ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй олгож эхлээд байсан аж.

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн тус улсад үйл ажиллагаа явуулдаг бүх сургуулиудад ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй олгож эхлэхийг санаачилсан ба Шинэ Зеландын засгийн газар уг хөтөлбөрт зориулж ирэх 3 жилд 18 сая ам. долларыг зарцуулахаар төсөвлөжээ. АНУ-ын ихэнх мужуудад ариун цэврийн хэрэглэлд өндөр татвар ноогдуулдаг явдлыг 2016 онд Ерөнхийлөгч Барак Обама шүүмжилж байсан билээ. Тэрээр, "Мужууд эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлд тансаг бараа бүтээгдэхүүнтэй адил татвар тогтоодог явдлыг ерөөсөө ойлгохгүй байна. Магадгүй эрэгтэйчүүд хууль санаачилж, тэдгээр татварыг тогтоодог явдалд л учир байгаа байх." хэмээн онцолж байжээ.

Эх сурвалж: washingtonpost.com/nation/2021/10/10/california-menstrual-products-period-law

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.