Худалдаж авахгүй зуршил

Twitter Print
2021 оны 10-р сар 12-нд 10:31 цагт
Мэдээний зураг,

Канэко Юкико гэдэг эмэгтэйн бичсэн номноос олж мэдсэн зүйлсээсээ жаахныг ч болтугай хуваалцмаар санагдлаа. Учир нь гэвэл энэ бүсгүй энгийн аргаар ЧАНАРТАЙ ѲДѲР бүтээхийг хичээгч мѳн түгээгч билээ. Ѳѳрийнх нь номны нэр шиг энэ номыг авахгүй гэж бодсон боловч хуучин номын дэлгүүрт ердѳѳ ганцхан ширхэг үлдсэнийг хараад худалдаж авсандаа номоо сѳхѳх тоолондоо баярлах болсон доо.

Бид орчин үед мѳнгѳ тѳлж амттай хоол иднэ, мѳнгѳ тѳлж гадаадад аялна, мѳнгѳ тѳлж брэнд хувцас ѳмсѳнѳ. Гэхдээ ѳѳрийн чинь дотор үзэсгэлэн гоо цэцэглээгүй бол амьдралын нугачаанд түшиж босгох зүйлс нь мѳнгѳѳр сольсон эд юмс биш зѳвхѳн ѳдийг хүртэл таны дотор цэцэг мэт дэлгэрсэн харагдахгүй, үзэгдэхгүй тэр зүйл гэдгийг мартаж болохгүй. Бидний дийлэнх түүнийгээ үл тоон аваад л байна, аваад л байна. Авсаар байгаад хѳлѳѳр хѳглѳрч, шүүгээнд зай бѳглѳѳд ирэхээр ѳргѳс шиг үзээд хаячихдаг нь бидний зуршил болжээ. Тийм ээ, худалдаж авах зуршил.

Орчин үеийн хэрэглээ асар их ч чадахаараа цѳѳлѳх, илүүг хураахгүйг хичээх аваас танд ямар үнэт зүйл очих вэ? Дээр бичсэнчлэн дотоод ертѳнцийн амар амгалан, жинхэнэ хийх ёстой зүйл тань ил тод үзэгдэх болно. Тэгвэл яавал худалдаж авахаа багасгах вэ гэдэг асуултын ѳмнѳ бид яагаад нэг л мэдэхэд худалдаад авчихсан байдаг талаар хамтдаа бодоод үзье. Бид ихэвчлэн

1) Big sale. Танил үг байгаа биз. Энэ хамгийн элбэг үзэгдэл бѳгѳѳд тухайн хямдралыг дахин хэзээ ч олдохгүй алтан боломж гэж үзэн ѳѳрт хэрэгцээгүй эдийг олноор авдаг.

2) Бусад хүмүүст байгаа болохоор. Зар сурталчилгаа болоод найз нѳхдийн нѳлѳѳг үүнд онцлох хэрэгтэй. Эднийг авахгүй бол бусдаасаа хоцрогдох мэт мэдрэмж таныг хэрэггүй худалдан авалт хийхэд хүргэдэг.

3) Юу ч бодолгүйгээр авах. Кассны дэргэд бохь харагдвал гараа сунгаад сагсандаа хийнэ. Энэ бол тѳлѳвлѳѳгүй худалдан авалт юм. Яг үнэндээ иймэрхүү тѳлѳвлѳѳгүй худалдан авалтууд таны халаасыг ямагт хоослодог.

4) Цаг байхгүй болохоор. Энэ бол аятайхан ѳѳрийгѳѳ ѳмѳѳрч, шалтаг тоочоод авчихдаг худалдан авалт юм. Хоол хийх цаг байхгүй болохоор ѳнѳѳдѳр гадуур иднэ гэх мэт.

5) Би маш их хичээсэн учир ѳѳртѳѳ бэлэг авна. Ухаалаг худалдан авалт гэж хүмүүс үүнийгээ хэлдэг. Старбаксын үнэтэй кофег гэртээ буцалгаад гартаа атгаад явж байгаа хүнд кофе нь илүү амттай амтагддаг юм шүү дээ.

Мѳнгѳтэй ч үргэлж ядуу явдаг хүн байдгийн та мэдэх үү? Канэко Юкикогийн хэлснээр эдгээр тѳрлийн ядуу хүн байдаг аж.

1) ТҮЦ ядуу хүн. ТҮЦ ядуучууд бол задгай мѳнгѳѳ ч үздэггүй үрэн таран хийдэг улс.

2) Олныг дагагч ядуу хүн. ТҮЦ ядууг бодвол жижиг сажиг зүйлд үрдэггүй. Гэхдээ зар сурталчилгаа, сэтгүүл зэргээс нэг л мэдэхэд авчихдаг улс..

3) Харьцууламтгай ядуу. Ѳрѳѳлийн эд зүйлсийг хүсдэг улс.

4) Машин дотроо ядуу. Гэр орноосоо илүүтэй машинаа чимэглэх дуртай. Гадуур л явж байх сонирхолтой улс.

Мэдээж орчин үед юу ч авахгүй байна гэж үгүй. Гэхдээ худалдаж авахдаа зайлшгүй харгалзан үзэх зүйлсийг одоо дурдъя.

Энэ хувцас, энэ бараа миний амьдралд үнэхээр хэрэгтэй юу? Ѳдѳр тутмыг минь ѳнгѳлж чадах болов уу?

Удаан эдлэгдэх чанартай материал уу?

Засч янзлаад дахин хэрэглэх боломжтой юу?

Ѳѳр зүйлсүүдтэй минь нийлэмж хэр бол?

Бие болоод байгаль орчинд сѳрѳг нѳлѳѳтэй юу?

Хэрэглэснийхээ дараа бусдад ѳгѳх боломжтой юу?

Гэх мэтийг бодолцоорой. Мѳн тухайн үеийн сэтгэл хѳдлѳлѳѳр худалдаж авалгүйгээр ХУДАЛДАЖ АВАХ ДЭВТЭР гаргаж, түүн дээрээ урьдаар авах зүйлсийн жагсаалтыг бичвэл хэрэггүй зүйлс авахаас сэргийлэх эерэг талтай билээ.

Одоо тэгвэл юуг бид авах хэрэгтэй талаар харцгаая.

Үзэсгэлэнтэй эд.

“Худалдаж авахгүй” номд худалдаж авч болох зүйлсийг танилцуулж байна. Үүнд харахад л таны зүрх сэтгэл уясах, хараад л суумаар, цаашид ч үнэ цэнээ алдахгүй эдлэл орно. Чамин хийцтэй аяга тавга, ном уншихад тань үргэлж гэрэлтүүлэх хээнцэр гэрэлтүүлэг, уран зураг, гэрийг хачин сайхан тухтай харагдуулах сандал гэх мэт.. Үүнийг та болон таны үр хүүхэд хүртэл хайрлан хямгадна. Гоё сайхан эд бол удаан хугацаанд оршин тогтносон, ганцхан хүнд л байх ѳндѳр таашаалыг хангах эд гэлтэй.

Одоо миний хувьд энэ номноос олж мэдсэн, байнга хэрэгжүүлж чадахгүй байгаа ч үргэлж санаж явдаг зүйлээ энд танилцуулъя. Долоо хоног бүрийн нэг дахь ѳдѳр дэргэдэх хүнсний дэлгүүрт пойнт арваар үржигддэг ѳдѳр байдаг юм. Тэр үеэр худалдаж авах хүнсээ бѳѳнд нь авахыг эрмэлздэг. Пойнт нэмэгдэнэ, мѳн цаг хугацаа хэмнэдэг. Нэг дахь ѳдрѳѳ үргэлжлүүлээд авсан хүнсээрээ хэд хэдэн ѳдѳр идэх хоолоо бэлдээд тавьчихбал энэ мэт сул цагаараа ном унших, пост оруулахад дѳхѳм байдаг. Ѳѳрѳѳр хэлбэл худалдаж авах ѳдрѳѳ тодорхойлох.

Тѳгсгѳлд нь маш гоё зѳвлѳгѳѳг хүргэе.

Худалдаж авахгүй жагсаалт гаргаж үзээрэй. Дээр худалдаж авах дэвтрийн тухай дурьдсан. Харин одоо юуг бид амьдралаасаа хол байлгамаар байна, түүнийгээ худалдаж авахгүй жагсаалтандаа жирийтэл бичих үлдлээ. Кола, түргэн хоол, хатуу чихэр, цагаан элсэн сахар…

Эх сурвалж: Ээнээгийн тэмдэглэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.