
Энэ долоо хоногт Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн гуравдугаар тойргийн тоглолтууд болсон. Украйны “Шахтёр” өрсөлдөгчөө талбай дээр нь 7:0-ээр бут ниргэж, энэ улирлын анхны гурван оноогоо авсан аж. Мөн Бразил довтлогч Л.Адриано таван гоол оруулсан нь хоёр дахь тохиолдол болсон. Ингэснээр 2014-2015 оны улирлын мэргэн буучдын жагсаалтыг “Шахтёр”-ын Л.Адриано 6 гоолтой тэргүүлж эхэллээ. Түүний ард “Реал Мадрид”-ын К.Бензема 4 гоолтой, “Боруссия Дортмунд”-ын А.Рамос, “Порту”-гийн Х.Мартинс, Я.Брахим, “Рома”-гийн Жервиньо, “Реал Мадрид”-ын К.Роналду, “Арсенал”-ын Д.Уэлбек нар гурван гоолтой бичигдэж байна.
“Аваргуудын лиг” болон “Европа лиг”-ийн түүхэнд Испанийн алдарт хөлбөмбөгчин Рауль 1995-2011 оны хооронд 77 гоол оруулсан. Харин Португалын К.Роналду 2002 оноос хойш 70 гоол оруулж бүх цаг үеийн рекордыг эвдэх нь тодорхой болсон. Мөн түүний мөнхийн өрсөлдөгч Аргентины Л.Месси 69 гоол оруулаад байна. Нэгэн цаг үед төрөн гарсан хоёр шилдэг хөлбөмбөгчин шилдгийн төлөө өрсөлдөж эхэллээ.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505