Академич Б.Бямбааг 100 сая төгрөгөөр шагналаа

Twitter Print
2019 оны 12-р сар 19-нд 14:45 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Засгийн газраас Шинжлэх Ухаан технологийн салбарын 2019 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг академич Б.Бямбаад олгохоор шийдвэрлэж, 100 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэсэн билээ.

 

Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  уг шагналыг “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээлээрээ хүртэж буй Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Б.Бямбаад Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд биечлэн гардуулж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсэж, үг хэлэв.

Тэрбээр "Танд болон танаа хамт олон, судлаачдын багт дахин баяр хүргэж, эрдэм судлалын их ажилд нь амжилт хүсье. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Б.Бямбаагийн тус бүтээл нь Мал эмнэлгийн хүрээлэнд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хийгдсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүн юм. Тус бүтээл нь үндэсний баялаг болсон мал сүргийг паразиттах өвчнөөс эрүүлжүүлэх төдийгүй паразит зооноз, бэтэг, финоз зэрэг хэд хэдэн аюулт өвчнөөс хүн амыг хамгаалах, цаашлаад үндэсний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэхэд томоохон үр нөлөө үзүүлэх ажил болсон гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна.

 

Академич Б.Бямбаагийн бүтээсэн Авермонмек, Альмонзол эм бэлдмэлүүд үйлдвэрлэлд нэвтэрч, дотооддоо үйлдвэрлэх болсноор гадаадын ижил төстэй бүтээгдэхүүн худалдаж авах үнэтэй харьцуулахад даруй 147.4 тэрбум төгрөгийн хэмнэлтийг бий болгосон гэж эдийн засагчид тооцоолон гаргасан нь энэхүү бүтээлийн үнэ цэнэ, ач холбогдлыг илтгэн харуулж байгаа юм. Цаашид Монгол Улсын Засгийн газраас шинжлэх ухааны салбарт гарч байгаа дэвшилтэт, шинэлэг ажлууд, эрдэмтэн мэргэдийнхээ шинэ мэдлэг, оюуныг бий болгох хичээл зүтгэлийг дэмжиж хамтран ажиллах болно" гэлээ.

Академич Б.Бямбаа хэлэхдээ уг шагнал нь шинжлэх ухаанчдад урам зориг, итгэл хүлээлгэж байна гээд, Төрөөс шинжлэх ухааны салбарт анхаарлаа хандуулж, салбарын нэгдсэн чуулганыг зохион байгуулж, бодлогын болон санхүүжилтийн дэмжлэг үзүүлж буй Ерөнхий сайд, салбарын сайд нарт талархал илэрхийлээд, хичээн ажиллана гэсэн юм.

“Альмонзол” бэлдмэлүүдийг лабораторид хянан магадлагаа хийжээ

“Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээлийн мөн чанар нь нэг нь нөгөөгийнхээ үр дүнг нөхөн улам бүр лавшруулан залгамжит байдлыг хангасан иж бүрдэл, үйлчилгээний өндөр идэвхитэй эм бэлдмэлийг үйлдвэрлэх хэд хэдэн цуврал технологийг бий болгосонд оршино. 

 

Монгол Улсын мал сүрэгт шимэгчлэн амьдарч үхэл хорогдол, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг гадар 54, дотор 178, нийт 232 зүйлийн шимэгчээр үүсгэгддэг паразиттах өвчнийг эмчлэх, сэргийлэх технологийг бий болгохдоо тэдгээр шимэгчдийн биологийн онцлог, оршин амьдрах ерөнхий зүй тогтлыг нээн илрүүлж, амьдралыг нь малын бие махбодид таслан зогсоох онолын шийдлийг олж тогтоосон явдал юм.

 Малын гадар, дотор паразитийг устгах, тэдгээрээс сэргийлэх үйлчилгээтэй “Авермонмек”, цагаан хорхойг малын биеэс гадагшлуулан туулгах үйлчилгээтэй “Альмонзол” бэлдмэлүүдийн технологи нь шинжлэх ухаан, технологийн хөгжлийн орчин үеийн тэргүүний түвшинд зохион бүтээгдсэнийг Монгол Улсын малын эм бэлдмэл шалгах, баталгаажуулах улсын лаборатори болон дэлхийн референт (лавлагаа) лабораторид хянан магадлагаа хийж тогтоожээ. Энэхүү технологи нь шинжлэх ухаан, технологийн хөгжлийн өнөөдрийн түвшинд бий болсон түүхий эдийн шинж чанарт үндэслэн, олон найрлагат эм бэлдмэлийг зохион бүтээх орчин үеийн технологи, техник хэрэгсэл, ноу-хауг ашигласнаараа хүн ам, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хаягдалгүй, экологийн хувьд цэвэр технологи болсон байна. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.