
Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн оюутан ахуйдаа зохиолч Жагдалын Лхагвад бичсэн нэгэн захидлыг толилуулж байна. Тэд монголын утга зохиолын нэгэн үеийн томчууд болон үлдэхийг тухайн үед хэн хэн нь төсөөлөөгүй л болов уу.
1977 онд бичсэн энэхүү захидлыг зохиолч Ж.Лхагва ихэд нандигнан байсан бөгөөд өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэрт бичиж хадгалсан нь байдаг. “Их говийн зоригтон” Лхагва чи сайн уу? Би энүүхэнд чинь орших Эрхүүд “Интониция” хэмээх номыг орос багш дагаад хашигчиж суудаг болой. Энд улирлын байдал намар. Хүүхнүүдийн шалдан шилбэ шаварт будагдан алхаа нь хурдсах нь тэд бас намар руугаа яарчээ. Нутаг орон минь сайхан байгаа биз дээ. Зүүдэндээ л зөвхөн үздэг. Тэр сайхан оронг санахгүй байж яахан чадна.
Би чамайг яг харж сууна. Энэ захидал үдийн цайнд гарахын өмнө юм уу гурван цагийн алдад хүрнэ. Чи авч уншсанаа хажуу дах улсдаа ганц хоёр мөр уншиж өгнө дөө.Тэгээд гараад явна. Ажил дээрээ буцаж ирэхгүй дээ. Би оромжиндоо гурвуул, групдээ зургуул. Манай преподаватель гэж нэг залуухан охин. Эрд гараагүй эмээл тохоогүй амьтан. өөдөөс хараад өнөө нэг оглушенье, озвончение гэдгээ оруулаад л ярихаараа янзтай. Манай эрчүүд сандал дээрээ үл мэдэг хөдөлцгөөж л байдаг юм. Үнэр нь есөн намрын лууль адил… Зөндөөн дэмийрэв бололтой. Мориныхоо амыг эргүүлж танайх руу шогшъё.
Зүүн гар талаас Бавуугийн Лхагвасүрэн, Б.Доржсүрэн, Дэндэвийн Пүрэвдорж, Жагдалын Лхагва , 1990 оны эхээр
Бавуугийн Лхагвасүрэн
1977 он
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.