Алхалтын тухай, зөв алхалтын арга техник

Twitter Print
2022 оны 01-р сар 13-нд 13:32 цагт
Мэдээний зураг,

Алхах үеийн арга техник болон зөв алхалтын талаар:

Алхаж байгаа, алхахаар төлөвлөж байгаа болон алхах сонирхолтой хүмүүст зориулан алхах үед хүний аль булчин ажиллаж ачаалал авдаг, аль булчин хөгжиж байдаг, алхалснаар таны биед ямар өөрчлөлт гарах зэрэг сонирхолтой мэдээлэл хүргэхээр “Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн Протез, ортопедийн үйлдвэрийн согог заслын эмч Б.Долгорсүрэнтэй ярилцаж мэдээлэл авснаа та бүхэнд хүргэж байна. 

Алхалт гэдэг нь хөлийн тавхайгаар гадаргуу дээр түлхэлт өгч шилбэ ба гуяны булчингийн агших, сунах хөдөлгөөний тусламжтайгаар биеийг өргөх болон буулгах хөдөлгөөн юм. Алхах хөдөлгөөн хийхэд дараах булчингууд оролцоно.

  • Нурууны булчингууд
  • Мөрний булчин
  • Өгзөгний булчин
  • Гуяны дөрвөн толгойт булчин
  • Гуяны арын булчин
  • Шилбэний булчингууд
  • Тавхайн булчингууд оролцоно

Зөв, сунгалт сайтай алхах нь дээрх булчингуудын хөгжил, сунгалтаас их хамаардаг. Алхалтын төгсгөлд сунгалтын дасгал хийж байх хэрэгтэй.

 

 

Энгийн алхалт:

Алхахдаа биеийн зөв байрлалыг хадгалах нь алхалтын эрчим, бие махбодийн үйл ажиллагаа зохицох чадамж, хөдөлгөөний үр ашгийг нэмэгдүүлэх, сэтгэл санааг өргөх зэрэг эерэг үүрэгтэй. 

Зөв байрлал – толгойгоо аль нэг талруу гилжийхгүй, эгц, эрүүгээ гадаргуутай зэрэгцээ төвшинд, мөрөө эгц чихний харалдаа шугаманд, цээжээ бага зэрэг өргөж нуруугаа эгцлэн, ташааг мөрний шугамаар байрлаж, өвдгөө шулуун байлгана. Явган алхалт нь таны яс, булчин, үе мөчийг хөдөлгөөнд оруулж, зөв галбир төрхтэй болоход тусална.

Гараа савах:

Хүн алхах явцдаа гараа савах хөдөлгөөн хийдэг ба гарын хөдөлгөөний тулгуур цэг нь мөр юм. Гарыг савах хөдөлгөөнийг хөлийн алхаатай нийцүүлэх нь багана нурууны эргэх хөдөлгөөнийг сайжруулдаг ач холбогдолтой. Гарын савах хөдөлгөөн нь хөлийн хөдөлгөөний эсрэг тэнцвэрийг хадгалах үүрэгтэй бөгөөд хэдий чинээ хурдан алхана, төдий чинээ гарын савах хөдөлгөөн нэмэгддэг. Гар ба хөлийн хөдөлгөөн жигд хэмнэлтэй байснаар алхалт нэгэн жигд, хурдан болгохоос гадна, мөр гар, нурууны дасгал болдог. 

 

Алхалтын буруу байрлал:

 

Толгойгоо урагш бөхийх, мөрөө унжуулах, хэвлий гэдсийг сул орхих нь буруу юм. Биеийн буруу байрлал нь яс, булчинд ирэх ачааллыг ихээр нэмэгдүүлж үе мөч, булчин, шөрмөсний хөдөлгөөнд саад учруулж, булчин чангарах, шөрмөс татах, үе мөч өвдөх зэрэг таагүй мэдрэмжийг бий болгож байдаг. 

  

Өгсөх, уруудах алхалт буюу уулын алхалт:

Гуя, өгзөгний булчингийн хөгжилд ихээхэн тусалж, шулуун зөв зохистой галбиртай болоход нэмэртэй алхалт юм. Уул, хад, толгод зэрэг өгсүүрт алхах нь энгийн алхалтыг бодвол зүрхэнд очих ачааллыг бага зэрэг нэмэгдүүлдэг учир цусны эргэлтийг сайжруулж, уушгины амьдралын багтаамжийг нэмэгдүүлэх сайн талтай. Ууланд алхахад байгалийн хүчилтөрөгч бие организмыг дотроос нь цэвэрлэж,  биеийн илүүдэл хуримтлал буюу өөхийг маш сайн шатааж өгдөг.

Зөвхөн нэг удаа алхахад ямар ч үр дүн авч ирэхгүй учир та тогтмол алхаж байх нь зүйтэй.

Уулын алхалт хийхэд маш их хөлөрдөг, арьсны нүхээр хөлс гадагшлахдаа бие дэх бохирдолтой хамт гадагшлах бөгөөд шар үсний сүвнүүд нээгдэж  тэрхүү нүхээр байгалийн  хүчилтөрөгчөөр арьс амьсгална.  

Иймд хөлс гадагшлуулах, агаарын солилцоо сайтай хувцас өмсөж байгаарай.

Уулын хувцасны хөлс гадагшлуулах технологийн талаар энд дарж дэлгэрүүлж уншаарай 

Таягтай алхахын давуу тал:

Ууланд алхахад өвдөгний үе, хөлний булчинд ирэх ачааллыг таяг эрс хөнгөвчилдөг. Зүрхний төвшингээс таягаа барьж алхахад цусны эргэлт сайжирч, амьсгал авалт, гаргалт тогтвортой болж ачаалал даах чадвар нэмэгдэнэ.

Олон улсын судалгаанаас харахад таягтай алхахад таягтай гарын эсрэг хөлөнд ирэх ачаалал ойролцоогоор 20-25% буурдаг гэсэн байна. Мөн таягтай алхахад хөл дээрх ачааллыг тэгш газарт  5-6кг, уул өөд 7-8кг хөнгөвчилдөг. Гараа унжуулж алхахад гар маш их бадайрдаг, хавагнадаг бол харин таягтай алхахад мөр, гарны хөдөлгөөн сайн байснаар гарын цусан хангамж сайжирдагаас гадна буглаганы хоёр толгойт болон 3 толгойт булчин, мөр, далны булчингийн хөгжилд сайнаар нөлөөлнө.

Бас нэг давуу тал нь тэнцвэрт нөлөөлдөг тул бүдэрч унах, шагай булгалж гэмтэхээс сэргийлдэг

Ууланд алхах нь дараах ач холбогдолтой

  • Зүрх судасны өвчнөөр өвдөхөөс сэргийлнэ
  • Цусны даралтыг бууруулна
  • Холестрины хэмжээг бууруулна
  • Чихрийн шижингээр өвдөхөөс сэргийлнэ
  • Сэтгэл санааг тайвшруулж стрессийг бууруулна
  • Булчингийн үйл ажиллагаа сайжирч яс бат бэх болж яс сийрэгжилтээс сэргийлнэ (яс нь булчингийн хөдөлгөөний тусламжтайгаар тэжээлээ авдаг)
  • Байгалийн хүчилтөрөгчөөр хангагдаж уушиг цэвэрлэгдэнэ
  • Биеийн жинг буруулна
  • Хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй олон олон эмгэгээс сэргийлнэ.

Ууланд алхах үед тулгардаг бэрхшээлүүд, тэдгээрээс сэргийлэх аргууд

Ууланд алхах үед тулгардаг цөөнгүй бэрхшээлүүд бий. Тухайлбал:

  1. Тохирсон гутал өмсөөгүйн улмаас хөл холгох, хумс шигдэх, хумс унах, шагайн үеэр өвдөх, тавхай нумаар өвдөх шинжүүд илэрдэг. Үүнээс сэргийлэхийн тулд: 
    • Сайн чанарын, зориулалтын гутлыг сонгох
    • Гутлыг размерийг сонгохдоо өмсөж үзээд үдээгүй байх үед хөлийг урагш нь тулгахад хөлийн ард 1 хуруу буюу 1,5 см зай үүсч байх
    • Гутлын үдээсийг маш сайн үдэж өмсөх
  1. Уулын уруу буух үед биеийн нийт жингийн ачаалал өвдгөн дээр ирсний улмаас өвдөг өвдөх тохиолдол бий. Ялангуяа илүүдэл биеийн жин, хуучин гэмтэл, үений үрэвсэлт өвчин, өвдөгний үений дегенратив өөрчлөлт, насжилт зэрэг шалтгаануудын улмаас өвдөг өвдөх магадлал өндөр. Өвдөгний үений өвдөлтөөс сэргийлэх дараах боломжууд бий:
    • Уулын уруу буухдаа таяг тулах /хос/
    • Халтиргаа гулгаатай үед хадаас хэрэглэх
    • Хуучин гэмтэлтэй бол өвдгийг хамгаалах уян боолтоор хамгаалалт хийж болно
    • Жин ихтэй бол жингээ бууруулах (биеийн жин 1 кг-аар нэмэгдэхэд өвдгөн дээр ирэх ачаалал 4-7 кг-р нэмэгддэг)
    • Алхалтын дараа сунгалтын дасгал хийж хэвших

 

https://www.lasportiva.mn/

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.