
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Төрийн Думын шинэ бүрэлдэхүүний өмнө хэлсэн үгэндээ коронавирусын эсрэг дархлаажуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцолжээ. Тэрээр ОХУ-д коронавирусын халдварын нөхцөл байдал хүндэрч, тус халдварын улмаас нэг өдөрт нас барах иргэдийн тоо коронавирусын цар тахал эхэлснээс хойш хамгийн өндөр үзүүлэлтэндээ хүрсэн болохыг дурдаж, шинээр сонгогдсон Думын гишүүдээс ард иргэдийг коронавирусын эсрэг вакцинд хамрагдахыг уриалахыг хүсчээ.
В. Путин, "Коронавирусын халдварын тоо нэмэгдэж, эрүүл мэндийн ажилчид хүнд нөхцөлд ажиллаж байгаа гэдгийг та бүгд мэдэж байгаа. Коронавирусын эсрэг вакцин нь биднийг халдвараас хамгаалж, коронавирусын халдварын хүндрэлээс аварч чадна. Тиймээс коронавирусын эсрэг дархлаажуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Би та бүхнээс иргэдэд вакцины ач тусын талаар үнэн зөв мэдээллийг хүргэж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч уг асуудлыг хөндөхийг хүсч байна. Иргэд та нарт итгэж, заавар зөвлөгөөг чинь сонсдог. Гэхдээ вакцин тариулахыг уриалахдаа иргэдийг буруушаах, залхаах байдлаас зайлсхийж, уг аюултай халдварт өвчнөөс сэргийлэхийн ач холбогдлыг иргэдэд тогтмол бөгөөд тэвчээртэйгээр тайлбарлаж өгөх хэрэгтэй." гэжээ.
ОХУ 2020 оны 8-р сард буюу коронавирусын эсрэг вакцин гаргасан анхны улс болсон ч коронавирусын эсрэг хүн амаа дархлаажуулах ажлын явцаараа дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад удаашралтай явж байна.
Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд тус улсад коронавирусын халдварын улмаас нэг өдөрт нас барсан иргэдийн тоо дараалан 900-г даваад байгаа ба өнгөрсөн мягмар гарагт 973 нас баралт бүртгэгдсэн нь коронавирусын цар тахал эхэлснээс хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт байжээ. Оросын эрх баригчид тус улсад коронавирусын халдварын улмаас цар тахал эхэлснээс хойш нийт 218 345 хүн нас барсан гэж мэдээлж байгаа ч бодит байдал дээр нас барсан иргэдийн тоо үүнээс өндөр байгаа хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
ОХУ-ын коронавирусын цар тахалтай тэмцэх ажлыг хариуцсан орлогч сайд Татьяна Голиковагийн мэдээлснээр 146 сая хүн амтай тус улсад 47.8 сая хүн коронавирусын эсрэг вакцины эхний тун, 42.4 сая нь хоёр тундаа хамрагджээ. Оросын Левада төвөөс явуулсан судалгаагаар оросуудын 52 хувь нь дотооддоо үйлдвэрлэсэн коронавирусын эсрэг вакцинд хамрагдахад бэлэн биш хэмээн хариулжээ.
ОХУ-ын хувьд гадаадын коронавирусын эсрэг нэг ч вакцинд зөвшөөрөл олгоогүй байгаа ба иргэдэд зөвхөн дотоодын үйлдвэрийн вакцин хийлгэх л сонголт байгаа аж.
Түүнээс гадна оросууд Эрүүл мэндийн яамандаа итгэхээс илүү зөвхөн өөрийн таньдаг эмч нартаа итгэдэг нь судалгаагаар тогтоогджээ.
Оросын 38 мужид үйлчилгээний салбарт ажилладаг иргэдийг коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан байх ёстой гэсэн журам гаргаад байгаа билээ.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.