Байгаль орчны яамны бүлэг авлигачдийн хэрэг шүүхээр одоо болтол шийдэгдэхгүй байна

Twitter Print
2020 оны 03-р сар 27-нд 11:08 цагт
Мэдээний зураг,

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үе үеийн албан хаагчид авлигаар гаршсаныг ард түмэн андахгүй мэднэ. Хамгийн сүүлийн авлигын эзэд буюу төрийн томчуулын хамгаалалт дор одоо хүртэл шүүхээр шийдэгдэхгүй байгаа хэргүүдийн талаар танилцуулья. 

1. Тэрбум 800 саяын Тэмдэгтийн хураамжаас чөлөөлсний хахууль 150 сая төгрөг

Байгалийн ховор ургамал болох хуш модны самар хилээр экспортлоход кг тутамд 3000 төгрөг төлөх хуультай. 2016 онд “Оюу цагаан барс” компани 600 тн самар хилээр гаргахын тулд 1.8 тэрбум төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх байлаа. Уг хураамжаас чөлөөлж, тусгай зөвшөөрөл олгосны хариуд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба 2016.12.06-ны өдөр 150 сая төгрөгийн хахууль авчээ. Тэрээр БОАЖ-ын сайд асан Д.Оюунхоролын сонгуулийн менежерээр ажиллаж байгаад дээрхи албан тушаалд очжээ.

2. Самар экспортлох зөвшөөрөл олгосны хахууль 40 сая төгрөг

Уг өдрөөс 2 өдрийн өмнө “Оюу цагаан барс” компанид хуш модны самар БНХАУ-руу экспортлох зөвшөөрөл олгосны хариуд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн С.Баярхүү 40 сая төгрөгийн хахууль авсан байлаа. С.Баярхүү нь Байгаль орчны яамны сайдын зөвлөх Нямдаваа тэргүүтэй Ховдын бүлэглэлийн гишүүн юм.

3. Дэрвэгэр жиргэрүү экспортлох гэрчилгээ олгосны хахууль 65 сая төгрөг

Байгалийн ховор ургамал болох Дэрвэгэр жиргэрүүгийн үндсийг БНХАУ-руу гаргах экспортын гэрчилгээ авахын тулд “Цагаан биндэрьяа” компаниас БОАЖЯ-ны сайдын зөвлөх А.Цолмон 2017.01.20-ны өдөр 65 сая төгрөгийн хахууль авчээ. Тэрээр БОАЖ-ын сайд асан Н.Батцэрэгийн зөвлөхөөр ажиллаж байлаа.

Эдгээр албан тушаалтнууд аж ахуйн нэгжүүдэд төрийн үйлчилгээ үзүүлэхдээ “Хясан боогдуулах“ замаар авлигал авсан. Гэмт хэрэг илрээд, АТГ шалгаж тогтоогоод 3 жил гаруйн хугацаа өнгөрч байгаа ч өнөөдрийг болтол шүүхээр шийдэгдсэнгүй. Прокурор дээр зориуд гацааж, хэд хэдэн прокурор сольсоор өнөөдрийг хүргэж байна.

Төрийн албанд нүүрлэсэн авлигалыг тасалж чадаагүй цагт шударга ёс тогтож, улс орон хөгжтөл өдий байна. Тэд бол хөгжлийг боомилж, шударга хөдөлмөрөөр тэгш өрсөлдөх боломжийг хязгаарлагчид. Байгаль сүйтгэсний төлбөрийг хувьдаа завшигчид юм. Бидний сонголтын бодит үр дүн. Төрийн албаа авлигачдаас цэвэрлэчихээд ядаж сонгууль ярьцгаая!

Үнэгүй байр, хоосон цалин амлаж суухын оронд авлигалтай яаж тэмцэх тухайгаа амла!

Сэтгүүлч Б.Отгон

2020.03.26

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.