
Хойд Солонгост хүүхэд хөгшчүүд өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлд ороод буйг НҮБ-ын мэргэжилтэн онцолжээ. Хойд Солонгос дахь хүний эрхийн тулгамдсан асуудлуудын тухай НҮБ-ын тайланд бичсэнээр олон улсын зүгээс тус улсын эсрэг тавьсан хориг арга хэмжээнүүд болон коронавирусын цар тахлын улмаас хилээ хаасан зэрэг нь Хойд Солонгост хүнсний хомстол үүсэхэд нөлөөлжээ.
НҮБ-ын мэргэжилтэн Томас Ожеа Кинтанагийн онцолсноор Хойд Солонгос улсад хямрал нүүрлэхээс сэргийлэхийн тулд улс орнууд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор тавьсан хориг арга хэмжээнүүдээ цуцлах шаардлагатай аж. Түүний хэлж байгаагаар Хойд Солонгосын эдийн засгийн нөхцөл байдал онцгой хүнд байгаа аж. Коронавирусын цар тахалтай холбоотойгоор Хойд Солонгос улс хилээ хааснаар БНХАУ-тай хийх худалдаа огцом буурсан. БНХАУ нь Хойд Солонгост хүнс болон түлш нийлүүлдэг гол импортлогч юм.
Энэ долоо хоногт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун улс нь маш хүнд нөхцөл байдалтай тулгараад буйг хүлээн зөвшөөрсөн юм. NK News мэдээллийн сайт өнгөрсөн 6-р сард Хойд Солонгост хүнсний үнэ огцом нэмэгдэж, 1 кг гадил л гэхэд 45 ам. долларын үнэд хүрсэн талаар бичиж байсан билээ.
НҮБ-ын мэргэжилтэн Томас Ожеа Кинтана НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл Хойд Солонгос улсын эсрэг тавьсан хориг арга хэмжээнүүдээ цуцалж, тус улсад "хүмүүнлэгийн болон хүмүүсийн амьдралыг аврахад шаардлагатай" тусламж дэмжлэгийг үзүүлэх боломжийг олгох шаардлагатай байгааг онцолжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзаж ярилцах хүсэлтэйгээ илэрхийлсэн ч тус улсад тавьсан хориг арга хэмжээнүүдээ хойд солонгосчууд цөмийн хөтөлбөрөө зогсоосон тохиолдолд л цуцална гэсэн байр суурьтай байгаа юм.
Нөгөө талаас Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө зогсоохоос татгалзсаар байгаа ба Ким Жон Ун улсаа хамгаалахын тулд зэр зэвсэг үйлдвэрлэх шаардлагатай болохыг онцолж, АНУ-Хойд Солонгосын харилцаа хурцадсан явдалд Вашингтон буруутай хэмээн онцолжээ.
Эдийн засгийн хүнд нөхцөл байдалтай тулгараад байгаа ч хойд солонгосчууд цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлсээр байгаа ба шинэ пуужингуудынхаа туршилтыг явуулсаар байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.