ОХУ эрчим хүчийг улс төрийн зэвсэг болгон ашиглаж байна гэдгийг үгүйсгэжээ

Twitter Print
2021 оны 10-р сар 14-нд 12:27 цагт
Мэдээний зураг,

Европын улс орнуудад хийн үнэ огцом өсч, эрчим хүчний хямрал нүүрлэх эрсдэлд ороод буй энэ үед ОХУ эрчим хүчийг улс төрийн зэвсгээ болгон ашиглаж байна гэсэн мэдээллүүдийг эрс үгүйсгэжээ.

Европд байгалийн хий нийлүүлдэг хамгийн том экспортлогч орнуудын нэг болох ОХУ-ыг Европ руу байгалийн хий нийлүүлэх ажлаа санаатайгаар удаашруулж байна хэмээн шүүмжлэгчид буруутгаж байгаа юм. Өнгөрсөн лхагва гарагт Москвагийн Эрчим хүчний форумд оролцсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ эрчим хүчийг улс төрийн зэвсгээ болгон ашиглаж байна гэсэн яриаг "ямар ч утгагүй, улс төрийн зорилготой хов жив" хэмээн тодорхойлжээ.

Өнгөрсөн 1-р сараас хойш байгалийн хийн үнэ 250 хувиар нэмэгдсэн нь иргэд болон албан байгууллагуудад хүндээр тусч байна. Хийн үнэ нэмэгдэх болсон нь хэд хэдэн шалтгаантай бөгөөд үүнд коронавирусын цар тахлын дараа эдийн засгууд сэргэж, эрчим хүчний эрэлт огцом нэмэгдсэн, мөн улс орнууд хийн нөөцөө хангалттай бүрдүүлж чадаагүй зэрэг нь нөлөөлжээ.

Ерөнхийлөгч В. Путины хэлж байгаагаар Европт тулгараад буй эрчим хүчний хямралд хийн нөөцөө хангалттай бүрдүүлээгүй европчууд өөрсдөө буруутай бөгөөд эрчим хүчний салбарын тогтвортой байдалд урт хугацааны бодлого баримтлах нь чухал ач холбогдолтой гэжээ. Тэрээр Оросын хийн Газпром компани гэрээ хэлэлцээрийнхээ дагуу Европ руу бүрэн чадлаараа хий нийлүүлж байгаа ба Европын холбооноос хүсэлт гаргавал нийлүүлтээ дахин нэмэх боломжтой гэжээ.

Нөгөө талаас шүүмжлэгчид ОХУ Европын эрчим хүчний хямралыг ашиглан "Северный поток-2" хий дамжуулах хоолойн төслийнхөө явцыг эрчимжүүлэхэд ашиглаж байна хэмээн үзэж байна. Европын эрх баригчид Оросын хийн хоолойн үйл ажиллагааг зөвшөөрсөн гэрээнд гарын үсгээ зурсны дараа ОХУ Украиныг алгасч ХБНГУ руу хий нийлүүлж эхлэх юм.

Сөрөг хүчнийхэн "Северный поток-2" төслийн тусламжтайгаар ОХУ Европын холбоог Оросын эрчим хүчнээс хамааралтай болгоно хэмээн үзэж байгаа бол дэмжигчид нь "Северный поток-2" Европыг хямд бөгөөд хангалттай хэмжээний хийгээр хангана гэж үзэж байна.

Ерөнхийлөгч В. Путин "Северный поток-2" хийн хоолойн үйл ажиллагаа эхэлчихсэн байсан бол Европ эрчим хүчний асуудлуудтай тулгарахгүй байсан гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.