
ОХУ-ын Украины Донбасст явуулж буй цэргийн ажиллагаанд Сири, Ливи зэрэг улсын 20 мянга орчим хөлсний цэрэг алба хааж байгаа тухай Европын холбооны албаны хүмүүс мэдээлж байна.
Оросын цэргийн хувийн компани болох Вагнер Групп Сири, Ливи зэрэг орнуудаас Украины зүүн хязгаарт тулалдуулахаар 10 мянгаас 20 мянга орчим цэргийг хөлсөлжээ.
Украинд байлдаж буй Сирийн хөлсний цэргүүд цол хэргэм болон туршлагаасаа хамаарч сарын 600-3000 ам. долларын цалин авч байгаа аж.
Вагнер Групп Ливид алба хааж байгаа цэргүүдийнхээ дийлэнхийг Украин руу шилжүүлсэн ба Украины Тагнуулын албанаас мэдээлснээр ОХУ Ливиэс цэргүүд хөлслөхдөө Ливийн Үндэсний Армийн Ерөнхий командлагч Халифа Хафтартай гэрээ хийсэн аж.
Барууны ажиглагчдын үзэж байгаагаар ирэх 5-р сарын 9-нд Ялалтын баяраар Ерөнхийлөгч Владимир Путинд ард иргэддээ Украинд явуулсан цэргийн ажиллагаа үр дүнтэй болсон гэж хэлэх боломж гаргаж өгөх шалтгаанаар Украины зүүн хязгаар дахь ОХУ-ын зэвсэгт хүчний давшилт идэвхжжээ.
Москва Украинд явуулж буй дайныхаа 2 дахь үе шатанд Донбассын бүс нутгийг эзлэх, Крымийн хойг руу хүрэх зам гаргах, үүнд нь бүслэгдсэн Мариуполь боомт хотыг эзлэх нь чухал үүрэгтэй, Крымийн хойгийг цэвэр усаар хангахын тулд Херсон мужийг эзлэх, Украины өөр бусад бүс нутгуудыг эзлэх, түүнийгээ дараа нь гэрээ хэлэлцээр хийх үедээ наймаалцах гэсэн зорилт тавьж хэмээн ажиглагчид үзэж байна.
Оросын цэргийн удирдагчид Украины Мариуполь боомт хотыг эзэлж, цэргүүдээ Украины хойд хязгаар луу хөдөлгөж, Донбасст байлдаж буй Украины зэвсэгт хүчнийхнийг буулгаж авахаар төлөвлөж буй тухай АНУ-ын Зэвсэгт хүчнээс мэдээлжээ.
Нөгөөтэйгүүр Украины зэвсэгт хүчнийхэн өдөр бүр шинэ зэвсгээр хангагдаж байгаа учраас ОХУ-ын зэвсэгт хүчнийхэнд украинчуудыг буулгахад амаргүй байх болно гэжээ.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.