Өвөрмонголыг хэзээ ч цөлжүүлэхгүй Тал нутгийн өвс ХХК

Twitter Print
2019 оны 12-р сар 27-нд 12:56 цагт
Мэдээний зураг,

Энэ удаагийн зорьж танилцсан гайхалтай газар бол ТАЛ НУТГИЙН ӨВС нэртэй шинжлэх ухааны судалгаан дээр тулгуурлан Өвөр Монголын газар нутгийн бүх ургамлыг судлаж, элсэн цөлийг ойжуулах, уул уурхайн ордуудыг нөхөн сэргээх, мал аж ахуйг шимтэй өвс тэжээлээр хангах, дэлхийн дулаарлаас ихээр хохирч байгаа тал нутгийг цөлжилтөөс аврах ажлыг бахдам үр дүнтэй гүйцэтгэж байгаа компани байлаа.

Монголын төр өөрийн харъяат Шинжлэх ухааны академи, Хөдөө аж ахуйн их сургуулийнхаа өмнөөс хажууд нь ичиж үхмээр энэ компанийг анх 2008 онд хөдөө аж ахуй, ургамал судлалын эрдэмтэд нийлэн байгуулсан бол өдгөө Өвөр Монголд дотооддоо баруун хилээс зүүн тийш Алаша хүртэл бүх нутгийг хамарсан 9 том судалгааны хүрээлэн, гадаадад элсэн цөлийг ойжуулах Дубайд төвтэй судалгааны хүрээлэнтэй болжээ.

Тэдний амжилтын гол нууц нь 20 жилийн турш нэгдсэн стандартаар элстэй, хуурай тал хээрийн хөрсөнд тохирох төрөл бүрийн ургамлын үрийг судлаж, түүнийгээ хадгалах, нөөцлөх агуулах байгууламж олныг байгуулсанд оршдог байна. ТАЛ НУТГИЙН ӨВС компани анх Өвөр Монголыг ган гачигаас аврах зорилгоор хойд зүгийн хагас болон бүтэн гантай бүс нутагт судалгаа хийж эхэлснээс хойш өнөөдөр эл нутгуудад таривал зохих 1700 төрлийн үр, 1600 төрлийн ургамлын сорьц, 113.000 төрлийн хөрсний дээжүүдийг багтаасан дэлхийд үнэлэгдэх хөрс судлалын төв болжээ.

Ийм аварга нөөцтэй болсон хүчин чадал дээрээ тулгуурлаж ургамал бүрээ дахин судалж шинэ орчин нөхцөлд дасгаж нутагшуулдаг технологи гаргадаг болсон нь олон улсад шагшигдаж, 2017 он гэхэд 160 гаруй төрлийн ургамлыг шинэ орчин нөхцөлд дасгаж Өвөр Монголын шинжлэх ухааны хөгжлийг дэлхийд гайхуулжээ. Энэ бол өчигдөр ухаараад өнөөдөр хийсэн ажил биш. Тэртээ 1948-1978 оны хооронд шинжлэх ухаан дээр суурилж хөгжүүлээгүй эдийн засгийн бүтэлгүй бодлогууд гаргасан МАО-н үеийн 30 жилийн гутамшигт алдааны эцэст ухаарсан ухаарал юм.

Gan-Ochir Buyanaa-н зураг.

Тэр гутамшиг дундуур биеэрээ туулж аливаа хөтөлбөрөөс амархан үр дүн хүлээхийг таягдаж, удаан байсан ч ШИНЖЛЭХ УХААНЧ суурьтай байж, холын замдаа сууриар нь ялья гэж ухаарсан Дэн Сяо Пиний шийдвэрийг 78 оноос хойш 40 жил хэлбэрэлтгүй дагасаны үр дүн юм. Үнэхээр ТАЛ НУТГИЙН ӨВС компани биднийг шинжлэх ухаанд суурилаагүй, судалгаанд анхаараагүй, мэргэжлийн хүмүүсийг мэргэжлээр нь ажиллуулаагүй, муйхар зүтгэл, тооцоогүй шийдвэр, улс төрийн томилгоогоор хол явахгүй шүү та нар гэж үйлдэл бүрээрээ загнаж байлаа.

ТАЛ НУТГИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН БААЗ

ТАЛ НУТГИЙН ӨВС компани нь нөхөн сэргээлт болон хот суурин газрын цэцэрлэгжилтийн стандартыг өөрийн арга барилаар аль хэдийн брэнд болгож тогтоосон анхны Хятадын аж ахуйн нэгж болжээ. Харин тэдний дараагийн гол амбиц бол уул уурхайд сүйдсэн газар нутгийг нөхөн сэргээх дэлхийн хамгийн шилдэг компани болох юм байна.

Өнгөрсөн 20-иод жилийн турш ТАЛ НУТГИЙН ӨВС компаний Манжуур болон Өвөр Монголын аварга нүүрсний уурхайнууд болох У Хай, Баян Овоо, Залаатад хийгдсэн нөхөн сэргээлт нь бүх Хятад даяар хамгийн үр дүнтэй ажил болсон гэж үнэлэгдэж, БНХАУ-ын нөхөн сэргээлтийн албан ёсны нэгдсэн стандартыг тогтоож өгчээ. Манай багийнхан уг компаниас хамгийн том амжилттай төслөө танилцуулаач гэхэд 2012 онд Хөх Хотын ойр байрших “Дайчин” уулын урд хормойд 980 га газарт цогц нөхөн сэргээлт хийсэн ажлаа танилцууллаа. Уг ажлыг хийхдээ бүс нутгийнх нь 50 төрлийн ургамлыг суулган хөрсний гүнээс 300ммт чийгийг асуудалгүй шингээх ажлыг амжилттай хийжээ.

Gan-Ochir Buyanaa-н зураг.

Анх төсөл эхлэхэд Дайчин уулын бүс нутаг их гантай хүнд байсан учир эхний жилээ услах системийг шийдэж хүний оролцоотой усалж байжээ. Биднийг тосон авч компани болон төслөө танилцуулсан ТАЛ НУТГИЙН ӨВС компаний эрдэмтдээс хувь хүнийх нь хувьд амжилтын нууцаа хэлээч гэхэд Шинжлэх ухаан дээр суурилсан манай ийм төрлийн ажил тухайн бүс нутгийн хөрсний бүтэц, усны чанарт шинжилгээ хийхдээ бүс нутгийн түүх буюу сүүлийн 50 жилийн экологийн мэдээллүүдийг цуглуулан анализ хийж байж эцсийн шатанд нөхөн сэргээлтийн төлөвлөгөөгөө боловсруулах юм.

Өнөөдөр бид 2016 онд Өвөр Монголын бүх аймаг сумдуудын хөрснөөс 113,000 төрлийн дээж аван экологийн нэгдсэн мэдээллийн платформыг бий болгосон. Тиймээс өнөөдөр бид ургамал тарьж, хуурай шар талыг ногоон цэцэрлэг болгох тал дээр дэлхийн аль ч улсын шинжлэх ухааны хүрээлэнгээс илүү ажиллаж чадна гэж даруухан хийгээд бардам өнгөөр тайлбарлаж байлаа.

Gan-Ochir Buyanaa-н зураг.

Мөн уг компани малчдын амжиргаанд тус болох үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлсээр ирсэн нь ТАЛ НУТГИЙН ӨВС компаний нэр хүндийг нийт малчин ардад өндөрт өргөжээ. Тэдний Өвөр Монголын малчидтай хамтарч хийсэн ганцхан ажлыг дурдвал бүх бүсийг хамарсан нийт 19 бэлчээрийн өвс хүлээн авах цэг байгуулан “Бэлчээрийн өвсний банк” хэмээн нэрийдсэн бизнес загвар боловсруулан малчдын гарт хүрэх бэлчээрийн өвсний чанар аюулгүй байдлын үнэ цэнийг өсгөх зорилгоор хэрэгжүүлсэн байна.

Одоогийн байдлаар малчдыг нийт 300,000 тн аюулгүй сайн чанарын өвсөөр хангаж, өвсийг дархлаажуулан бактери устгах нийт 60,000 м.кв бүхий 5 цех байгуулсан. Үүнээс гадна Чи Фэн аймагт царгас тариалах төслийг амжилттай хэрэгжүүлсээр байгаа бөгөөд цаашдаа Орос болон Монгол улсын 4 боомтод өвс, нунтаг хүнс(будаа, гурил г.м нунтаг хүнс) импортлох цэг байгуулах төлөвлөгөөтэй байна.

Буянаагийн Ган-Очир

2018.07.19

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.