Вакцин хийлгэсэн ажилтанд 2 хоногийн нэмэлт амралт олгох чиглэлийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өгчээ

Twitter Print
2021 оны 10-р сар 26-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

КОРОНАВИРУСИЙН УЛМААС ОРОС ДАЯАР ДОЛОО ХОНОГ АМРАХ БОЛЖ БАЙНА

Аравдугаар сарын 20-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шинэ коронавирусийн эсрэг арга хэмжээ болгон бүхэл бүтэн долоо хоногийн цалинтай чөлөө олгохыг тушаажээ. Тэрээр мөн ард түмэндээ хандаж "хариуцлагатай" байх үүднээс вакцин хийлгэхийг уриалсан.

Ерөнхийлөгч Путин 10-р сарын 30-наас эхлэн орон даяар нэг долоо хоногийн чөлөө олгох тухай Засгийн газрынхаа саналыг зөвшөөрсөн юм. Тэгвэл өнөөдөр халдварын тархалт эрчимтэй байгаа ОХУ-д вакцинд хамрагдалтыг нэмэгдүүлэхийн тулд вакцин хийлгэсэн ажилтанд 2 хоногийн нэмэлт амралт олгох чиглэлийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өгчээ.

ОХУ-д шинэ коронавирусийн улмаас улмаас нас барсан хүний тоо Европт хамгийн өндөр байгаа бөгөөд энэ 20-ны өдөр хоногт нас барсан тохиолдлын тоо урд хожид байгаагүй дээд хэмжээнд хүрч 1028 тохиолдол болжээ.

Өмнө нь ийм төрлийн амралтын арга хэмжээг ОХУ-д халдварын тархалтын оргил үед авч байсан бөгөөд өмнөх хэрэгжилт нь өнгөрсөн оны 5-р сард болж байсан. В.Путин телевизээр хийсэн уулзалтандаа амралтын гол зорилго нь "хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах" хэмээн тайлбарласан байна. Тэрээр дотоодын вакцинжуулалтын түвшин "харамсалтай нь" бага байгаа нь халдварын ноцтой тархалтад хүргэж байгааг онцолсон байна.

ОХУ-д "Спутник V" зэрэг дотоодын хэд хэдэн вакциныг өргөнөөр хэрэглэх боломжтой байгаа хэдий ч бүрэн вакцинд хамрагдсан нь хүн амын дөнгөж 35%-д хүрсэн төдий, халдвар сүүлийн хэдэн долоо хоногт өргөн хүрээгээр тархаж байгаа гэнэ.

ОХУ-ын эрх баригчид тахлын ноцтой байдлыг дутуу үнэлж байна хэмээн байнгын шүүмжлэлд өртөж ирсэн байдаг. Путин орон нутгийн эрх баригчдыг халдвар авсан хүмүүсийн тоог дарж мэдээлж байгааг "аюултай" гэж үзэж ингэхгүй байхыг уриалсан гэнэ.

Эх сурвалж : AFPBB Мэдээ 2021 оны 10 -р сарын 21-ний Пүрэв гараг

Жич: Халдвар авсан хүмүүсийн тоогоор дэлхийд 5 дугаарт орж буй Орос улсад халдварын нөхцөл байдал хамгийн муу байдалтай байна.

Энэ 10-р сарын 14-ний өдөр коронавирусийн халдварын 31,299 шинэ тохиолдол батлагдсан нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт болж зарлагдаж байсан бол 10-р сарын 19-нд зарласнаар сүүлийн 24 цагийн дотор нас барсан хүний тоо хамгийн өндөр нь буюу 1015 болж, шинэ халдварын тохиолдлын тоо 33,740 болж өссөн бөгөөд сүүлийн 6 хоног дараалан 30,000-аас давсан тохиолдол батлагдаж байгаа юм байна. Засгийн газар нь үүнийг вакцинжуулалт оройтсноос үүдэлтэй хэмээн тайлбарлаж, иргэдийгээ вакцин хийлгэхийг уриалж байгаа ч засгийн газар болон дотоодын вакцинууддаа үл итгэх байдал хүчтэй байгаа бөгөөд вакцинжуулалтын түвшин хүн амын гуравны нэг хувийг эзэлж байна.

Сонирхуулахад ДЭМБ шинэ коронавирусийн эсрэг Оросын "Спутник V" вакциныг зөвшөөрөөгүй байгаа тул Путины засаг захиргаа хүнд байдалд байх шиг байна. Оросын тал энэ оны 2-р сард яаралтай журмаар ашиглах зөвшөөрөл авахаар ДЭМБ-д хандсан ч одоог хүртэл ДЭМБ-ын албан тушаалтнууд "уг вакциныг баталгаажуулахын тулд шаардлагатай дата өгөгдлүүд, мөн хууль ёсны процедуруудад дутагдалтай зүйл байгаа" гэдгээр зөвшөөрөл олгоогүй” байна хэмээн Ройтерс агентлаг мэдээлсэн.

Харин вакцины маркетингийн чиглэлээр өрсөлдөж буй Хятадын 2 төрлийн вакцин аль хэдийн зөвшөөрлөө авчээ.

Ойдовын Батгэрэл Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.