
Энэтхэгийн өмнөд зүгт их хэмжээний хур тунадас орсны улмаас гол усны түвшин нэмэгдэж, хот тосгонууд үерт автжээ. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар үерийн улмаас 26 хүн амиа алдаад байгаа ба олон арван иргэн сураггүй алга болсон байна.
Түүнээс гадна эрх баригчид амиа алдсан иргэдийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгааг онцолжээ. Керала мужид их хэмжээний бороо орсны улмаас хөрсний нуралт үүсч, Энэтхэгийн зэвсэгт хүчний албан хаагчид гамшигт өртсөн иргэдийг аврах ажиллагаанд оролцож байна.
Үерт боогдсон, хөрсний нуралтын улмаас байшин барилгын доор гацсан иргэдийг тээвэрлэх, иргэдэд шаардлагатай хоол хүнсийг хүргэж өгөх зорилгоор аврагчид нисдэг тэрэг, завь ашиглаж байна.
Муж даяар гамшигт өртсөн иргэдэд зориулж түр орогнох байруудыг байгуулж, орон нутгийн иргэд аврагчдад шавар, чулуу, хугарч унасан моднуудыг цэвэрлэхэд тусалж байна. Керала мужид үер болон хөрсний нуралт үүсэх нь элбэг бөгөөд энэ нь тус мужийн гол мөрөн, нуурууд хотжилтын улмаас ширгэсэнтэй холбоотой аж.
2018 онд Керала мужид болсон үерийн улмаас 400 хүн амиа алдаж, 1 сая гаруй хүн орон гэргүй болсон билээ. Түүнээс гадна Энэтхэгийн засгийн газраас явуулсан судалгаагаар Керала муж нь үерт автах хамгийн өндөр эрсдэлтэй 10 мужийн нэг болохыг тогтоожээ.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.