
Оросын хаан ширээ залгамжлагч хуримлав
Оросын эзэн хаан хоёрдугаар Николайн удмын хамгийн ойрын хүн бол их ван Георгий Романов юм. Тэрээр саяхан Москвад үнэн алдартны шашны Исаакиевын сүмд хуримаа хийжээ.
Их вангийн гэргий болж буй эмэгтэй бол залуу наснаасаа эхлэн олон жил үерхэж байгаа, Италийн иргэн Реббека Беатричи ажээ. Р.Беатричи Оросын эртний уламжлалыг дагаж үнэн алдартны шашинд орж, Виктория Романовна хэмээх орос нэр авсан байна. Их ван удам дамжсан бадмаараг шигтгэсэн бриллинтан сүйн бэлзгийг эхнэртээ бэлэглэжээ.
1981 онд төрсөн, 40 настай Их ван Георгий Испанид ээжтэйгээ хамт өсчээ.
Георгий Романов эхийн талаасаа Оросын эзэн хааны шууд удмын хүн юм. Түүний ээж Мария Владимировна Романовагийн өвөг эцэг Их ван Кирилл Владимирович Романов нь Оросын сүүлчийн эзэн хаан 2-р Николайн үеэл ах байжээ. 1917 оны Октябрийн хувьсгал гарч Романовынхан баривчлан хувьсгалчдын гарт цаазлагдаж, Оросын язгууртнууд үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт үймэлдэж байх үед Их ван Кирилл Владимирович Финландад байсны ачаар амь аврагдсан ажээ.
Николай хааны гэр бүлийнхнийг цаазлуулсны дараа, Их ван Кирилл Владимирович Оросын хаан ширээ залгамжлагч хамгийн ойрын төрөл болж үлдсэн юм.
Кирилл Владимировичийн хүү Владимир нь эцгийнхээ Их ван хэргэм цолыг залгамжилжээ. Их ван Владимир Мария гэх ганц охинтой болсон нь энэхүү Георгий вангийн ээж юм.
Их ван Георгийг эх нь орос хэл, Оросын урлаг соёл, уламжлалыг хүндлэх үзлээр хүмүүжүүлж жинхэнэ орос хүн болгон өсгөжээ.
Оросын хааны удам задгамжлагч Их ван Георгий Романов Оксфордыг хууль эрх зүйн мэргэжлээр төгсч, Евро парламентад ажиллаж байв. Тэрээр Европарламентын Брюссель, Люксенбург дэх оффисуудад ажиллаж байгаад Орост очиж Romanoff Partners PR консалтинг компани байгуулан Москвад амьдрах болсон байна.
Их ван Ерөнхийлөгч В.Путиныг дэмжигч агаад, одоогийн Оросын дээд хүрээлэл дунд амьдарч байгаа ажээ.
Б.Шүүдэрцэцэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.