
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж буйгаа илэрхийлжээ.
Түүнчлэн хэвлэлийн бага хурлын үеэр Жо Байден Бээжинд дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болох боломж олгохгүй гэжээ. Тэрээр, "Намайг энд байгаа цагт Хятадад тийм боломж олдохгүй." хэмээн мэдэгдсэн ба БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпинтэй ярилцах үеэрээ Вашингтон Бээжинтэй зөрчилдөх хүсэлгүй байгаа болохыг илэрхийлжээ. Коронавирусын эсрэг вакцинд иргэдийг хамруулах тухайд Ерөнхийлөгч Жо Байден Ерөнхийлөгчийн албан тушаал дахь эхний 100 өдөрт 100 сая иргэнийг вакцинд хамруулах зорилт тавьсан нь өнгөрсөн долоо хоногт буюу 58 хоногийн дотор биеллээ олсон гэдгийг онцолж, үлдсэн 42 хоногийн хугацаанд энэ тоог 200 саяд хүргэх шинэ зорилт тавьж буйгаа мэдэгджээ.
Америкийн ЭнБиСи сувгаар мэдээлснээр коронавирусын эсрэг вакцинжуулах ажил хурдацтай байгаа нь Johnson & Johnson компанийн нэг тунт вакциныг хийж эхэлсэнтэй холбоотой ба АНУ-д өдөрт дунджаар 2.5 сая тун вакцин хийгдэж байгаа гэжээ.
Эх сурвалж: Interfax
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.